Нөмрөг суманд “Шинэ гудамж” төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-04-10 21:31:30

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Нөмрөг сум Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж “Шинэ гудамж” төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд ОНХС-гаас хоёр сая төгрөг зарцуулж найман хашааг стандартын дагуу барьжээ.

Цаашид үргэлжлүүлэн сумынхаа 200 орчим өрхийн хашааг нэг стандартаар барьж тохижуулах ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулах гэж байна. Энэ онд “Шинэ гудамж” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр сум орон нутгийн өнгө үзэмж сайжран, иргэд зах зээлийн үнээс хямд өртгөөр шинэ хашаатай болохоос гадна иргэндээ үлдэж буй томоохон хөрөнгө оруулалт юм.
"Завхан аймаг 2018 оноос “Миний гоё сум” төслийг 24 сумандаа хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд манай сумын хэрэгжүүлж байгаа “Шинэ гудамж” төсөл үргэлжилнэ. Нэмж дуулгахад “Миний гоё сум” төслийн хүрээнд сум бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ёстой. Хамгийн сайн төсөл бичиж идэвхтэй оролцсон суманд их санхүүжилт өгөх болзлыг аймгийн Засаг дарга тавьсан. Манай сум бүх төсөл хөтөлбөр, шаардлагатай зураг төслөө гаргаад аймгийн удирдлагуудад өгөөд байна. Энэ жил манай суманд ОНХС-аас 40 гаруй сая төгрөг хуваарилагдсан байна. Энэ хөрөнгийн дийлэнх хувийг 12 машины орчин үеийн дулаан гараж барихад зарцуулахаар төлөвлөж байгаа. Үүнийгээ зуны улиралд машин угаалгын газар болгож 2-3 гурван хүнийг ажлын байртай болгох юм. Манай сум хойд бүсийн зургаан сум, баруун гурван аймгийн дайран өнгөрдөг гол замд байрладаг. Өвлийн улиралд зам зуур саатах иргэдэд дулаан гараж, машин засвар болон, угаалгын газруудын эрэлт хэрэгцээ байнга гардаг учир энэ ажил бодит үр дүнтэй ажил болно" хэмээн Нөмрөг сумын Засаг дарга Н.Түмэндорж мэдээлэв.

 Б.Мягмарсүрэн

 


相关新闻