"Монгол Сонгодог" гурав дахь удаагаа сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2017-11-13 17:37:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын болоод дэлхийн дуурийн урлагийн сонгодог бүтээлүүдийг толилуулдаг "Монгол Сонгодог" тоглолтын гурав дахь цуврал энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Корпорейт зочид буудлын Конвеншн Центрт боллоо.

Сонгодог урлаг гэдэг Европын сор уран бүтээлүүдээр хязгаарлагдах ёсгүй бөгөөд Монголын нэрт хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын үг аяар бүтээгдсэн дууны урлагийн "сонгодог" бүтээлүүдийг дэлхий дахинд хүргэх хэтийн зорилго өвөрлөн МУГЖ Ганбаатарын Ариунбаатар бие даасан "Монгол Сонгодог" тоглолтоо анх 2012 онд үзэгч олондоо толилуулж байсан юм.

"Монгол Сонгодог II" тоглолт нь Г.Ариунбаатарын дэлхийн дуурийн дуулаачдын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн П.И.Чайковскийн нэрэмжит XV уралдааны Шилдэг эрэгтэй дуучин, Гран при шагналыг зэрэг авсан жил буюу 2015 оны 12 дугаар сард Соёлын төв өргөөнд тоглогдож байсан.



Энэ жил тэрбээр ИБУИНВУ-ын Уэльс мужийн Кардифф хотноо болсон BBC Cardiff Singer of the World 2017 тэмцээний тэргүүн шагналыг гардан авсан билээ. Тус тэмцээний эцсийн шатны шалгаруулалт дээр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуулахад шүүгчид нь нулимс унагаж, Монголын урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрсний тэмдэг болгон МУГЖ Г.Ариунбаатарыг Song Prize шагналын цорын ганц нэмэлт ялагчаар шалгаруулсан юм.



"Монгол Сонгодог III" тоглолтод урилгаар Монгол Төрийн Үндэсний Их найрал хөгжим, Цагдаагийн "Сүлд" чуулга, ОХУ-ын Буриад Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар оролцлоо. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Мюзик” төслийг хэрэгжүүлж буй "Монгол контент" ХХК  ажиллав.



Г.Ариунбаатар М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны Тэргүүн байр, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Тэргүүн байр, “Байкал” Олон улсын дуурийн дуулаачдын II уралдааны Тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал, "BBC Cardiff Singer of the World" дэлхийн дуурийн дуучдын тэмцээнд Тэргүүн байр, Гран при шагналыг тус тус хүртсэн.



Монгол эх орныхоо алдар хүндийг дэлхийн сонгодог урлагийн тайзнаа өндөрт өргөж ирсэн амжилтыг нь Монголын төр засаг тухай бүрт нь өндрөөр үнэлж 2011 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгож, 2015 онд Монгол Улсын Соёлын элчээр томилж, 2016 онд Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнасан билээ.
Б.Амарсайхан
相关新闻