С.Эрдэнэ: Хүүхдийн мөнгө олгох бол эхлээд төсвийн тодотгол хийх ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-07-05 11:16:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-аас өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын дарга С.Эрдэнэ, “Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон байхад эрх баригчид албан тушаалаа ашиглан мэдэгдэл хийлээ. Эрх баригчид ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулах гэж оролдож байгаад харамсаж байна. Үүний зэрэгцээ Төрийн ордоны тусгай хамгаалалттай өрөөнд бичлэг хийсэн байна. Энэ бол бодит зүйл. АН-аас энэ бичлэгийг бичсэн юм биш, МАН-ын шударга гишүүд уг бичлэгийг олон нийтэд ил болгосон юм. Сонгуулийн сурталчилгааны мэтгэлцээний асуулт хариултыг урьдаас бэлдэн тавилттай жүжиг болгосон нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого. Мөн “Аархал” бичлэгт манай нам оролцоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

"60 тэрбумын" гэх бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг гадныхан тогтоосон. Гэтэл хууль хүчнийхэн сонгууль өнгөртөл санаатайгаар дарж авч хэлэлцэхгүй байна. Шаардлагатай гэвэл хоёр хөршийн хууль хяналтын байгууллагад хандахад болохгүй гэх зүйлгүй. Түүнчлэн Засгийн газар өчигдөр сонгуулийн амлалт бүхий хэд хэдэн шийдвэр гаргалаа. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгоно гэх шийдвэрт АН-ынхан талархаж байгаа ч ОУВС-тай зөвшилцсөн эсэх нь тодорхой бус байна. Үүний зэрэгцээ хүүхдийн мөнгийг олгох бол УИХ-аар төсвийн тодотголоо хийж, санхүүжилтийг нь шийдвэрлэсний дараа энэ асуудлыг ярих ёстой. Энэ бол монголын ард түмнийг хуурсан шийдвэр. Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчлөө. Засгийн газар энэхүү мөнгөтэй холбоотой шийдвэрийг гаргах эрх зүйн чадамжгүй.

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг иргэддээ хувьцаа хэлбэрээр тараана хэмээн Засгийн газраас зарласан. Гэтэл тус үйлдвэрийн 49 хувь өнөөдөр шүүх дээр яригдаж байхад төр өөртөө ирээгүй өмчийг хувьчлах тухай шийдвэр гаргасан байна. Бид дөрвөн төрлийн зээлийг тэглэх санаачилгыг дэвшүүлсэн. Эрх баригчид үүнийг хэрэгжүүлэх ёстой. Дашрамд хэлэхэд баруун таван аймагт их хэмжээний мөнгө тараах гэж байсан гэх мэдээллийг эрс няцааж байна. Цагдаагийнхан энэ өдрүүдэд зүй бус байдлаар манай намын гишүүд дэмжигчтэй харьцсан байгаа. Энэхүү байдалд бид хүлээцтэй хандаж байгаа бөгөөд хариуцлага тооцох явдал хэзээ ч оройтдоггүй" хэмээв.
 
Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл энэ үеэр хэлэхдээ Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр, "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын түвшинд хэлэлцэх үед УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар Э.Бат-Үүл нийслэлийг удирдаж байхдаа хотын захиргааны байрыг зарсан мэтээр үндэслэлгүй мэдээлэл тараасан. Иймд тул цэцэд хандана" гэлээ.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻