Н.Алтанхуяг: Ерөнхийлөгч эх орныхоо түүх соёлыг хамгаалахад онцгой анхаарах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 13:00:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд намаасаа 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өргөдлөө өглөө.

Тэрбээр, “Надад Ерөнхийлөгчид нэр дэвших гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, Монголчууд хөгжих хэрэгтэй байна. 2012 онд дэвшүүлсэн “Улс шиг хөгжиж Хүн шиг амьдарна” гэсэн зорилтыг биелүүлж чадаагүй. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж, нэгдсэн Монгол болоход Ерөнхийлөгч чухал үүрэгтэй. Хоёдугаарт, Монгол Улс цаан хүн амтай хэдий ч олон жилийн түүх, соёлтой. Тиймээс эх орныхоо түүх соёл, өв уламжлалыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаарах ёстой. Энэ асуудал орхигдоод байгаа юм шиг санагддаг. Гуравдугаарт, Монголчууд эх орондоо сайхан амьдрах хэрэгтэй. Цөөнх нь баяжиж, олонх нь ядуурсан улс байж болохгүй. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийн бодлогыг гаргахад Ерөнхийлөгч оролцох ёстой” хэмээв.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдээд буй эрхмүүдээс УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Х.Баттулга, Р.Амаржаргал нар өргөдлөө өгсөн байна. Харин намаас Б.Жаргалсайхан, Д.Дорлигжав нар өргөдлөө хараахан өгөөгүй байгаа юм. Маргааш буюу энэ сарын 03-нд АН-ын Хэрэг эрхлэх газраас өргөдлөө өгсөн эрхмүүдийн хэнийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх талаар анхан, дунд шатны намын хороодын гишүүд дундаа асуулга явуулах аж. Асуулгаар олонхын санал авсан хоёр хүнийг энэ сарын 06-нд Төрийн ордонд болох намын Их хурлаар хэлэлцэх юм. Ингээд Их хурлаас олонхын санал авсан нэг хүнийг нэр дэвшүүлэхээр СЕХ-нд бүртгүүлэх аж.
Ч.Ариунболд
相关新闻