УИХ-ын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын 2025 оны 96 дугаар тогтоолоор Д.Амарбаясгаланг УИХ-ын
даргын үүрэгт ажлаас чөлөөлж, УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд
УИХ-ын даргын албан үүргийг хэрэгжүүлж байхыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад
даалгасан юм.
УИХ-ын энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар Х.Булгантуяаг
УИХ-ын дэд даргаас огцруулж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар
сонгосон тул УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Ж.Бат-Эрдэнээр УИХ-ын
даргын албан үүргийг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхээр
төлөвлөснийг хуралдаан даргалагч дурдаад, тогтоолын төслийг уншиж танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж,
үг хэлсэн. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх
тогтоолын төслийг дэмжиж, байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн
хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Ulaanbaatar