Н.Энхболд:Эрсдлээс сэргийлэхэд зарцуулсан 1 төгрөг гамшгаас гарсан хохирлыг 7 дахин бууруулдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-27 13:44:53

Дэлхий нийтийн хүмүүнлэгийн тусламжийн хөдөлгөөнд улс орнуудын Улаан зугалмайн нийгэмлэгүүд нэгдэх, үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, хүмүүст бие биедээ туслах чадавхи суулгах зорилго бүхий  “Түншлэл” олон улсын уулзалт өнөөдөр эхэллээ.

МУЗН-ийн санаачлагаар 2014 оноос хойш жил бүр тогтмол зохион байгуулж буй энэхүү хурлаар хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулахад зориулж хөрөнгө босгох, түүнийгээ зөв зарцуулах шийдлийг олоход түлхүү анхаардаг байна. МУЗН-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны зардлын 50 орчим хувийг дотоодын буюу гишүүн хувь хүн, албан байгууллагуудын хандив эзэлдэг бол үлдсэнийг нь олон улсын байгууллага, Улаан загалмайн нийгэмлэгүүдийн тусламжаас бүрддэг аж. 3 жилийн өмнө нийт зардлын 70 хувийг гадны эх үүсвэрээс бүрдүүлдэг байсан бол МУЗН-ийн идэвхтэй үйл ажиллагааны хүчинд дотоодын эх үүсвэрийн санхүүжилт нэмэгдсэн хэмээн тус байгууллагын Ерөнхийлөгч Н.Энхболд онцлов.

Тэрбээр, “Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд 1 төгрөг зарцуулахад гамшгийн дараах хохирлоос 7 төгрөг хэмнэнэ гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулснаар хохирлын хэмжээ 7 дахин багасдаг. Үүний тулд гамшгийн үед иргэдийг өөрийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах болон бусдад туслах чадварт суралцуулах хэрэгтэй. Засгийн газар ч энэ чиглэлд анхаарч байгаа. Өчигдөр буюу энэ сарын 26-нд Шадар сайд У.Хүрэлсүх Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо (ОУУЗНУХСНХ)-ны “Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг нэг тэрбум хүнд хүргэх уриалга”-д гарын үсэг зурсан. Энэ хүрээнд иргэдэд гамшгийн эрсдлийг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох чиглэлээр сургалт, судалгаа явуулах юм” гэлээ.

ОУУЗНУХСНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Элхаж Эс Сю, “Хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, гамшгийн эрсдлийг бууруулах зорилго бүхий ОУУЗУХСНХ-нд дэлхийн 190 орон нэгдсэн. МУЗН-ийн санаачилсан “Түншлэл” олон улсын уулзалт манай гишүүн орнуудыг харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлж байна. Тиймээс ОУУЗНУХСНХ-оос МУЗН-ын үйл ажиллагааг дэмжих болно.

Монгол Улсад өнгөрсөн өвөл зуд болсон. Энэ үеэр манай холбооноос зудад өртсөн малчдад туслах уриалга гаргасан. Үндэсний нийгэмлэгүүд ч бидний уриалгыг нааштай хүлээн авч, нийт 2 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ нь манай гишүүн орнууд МУЗН-т ихээхэн итгэл хүлээлгэж байгааг харуулж байгаа юм” хэмээв.

“Түүнчлэл” олон улсын уулзалтыг МУЗН, Олон улсын улаан загалмай, ОУУЗНУХСНХ -той хамтран зохион байгуулж байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻