Ганга нуурыг сэргээх санаачилгыг дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2015-10-02 12:08:22

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудын нэг, төрийн тусгай хамгаалалттай Ганга нуурыг сэргээж, хамгаалах санаачилга гаргаад буй зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, УИХ-ын дэд дарга асан, улс төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Гомбожав, Уул уурхайн сайд, УИХ-ын гишүүн асан, доктор Ч.Хурц, УИХ-ын гишүүн, сайд асан, зохиолч Л.Одончимэд, Үйлчилгээний гавьяат ажилтан Ш.Нэргүй, ойн инженер Д.Дашдаваа, “Нью жуулчин турс” компаний дэд захирал Р.Халтар нарын Ганга нуурыг сэргээх санаачилга гаргаж буй нэр бүхий сэхээтнүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзаж байгаад баярлалаа. Бид сөрөг хүчин болоод тэмцэж буй хэрэг бус, Монгол орны гайхамшиг болсон Ганга нуур, Дарьганга орчмын цогцолбор газрыг хамгаалах, сэргээх чиглэлээр яам, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахыг хүсч буй юм” гэв.

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг юуны өмнө Монголын сэхээтнүүд ийм санаачилга гаргаж буйд баярлаж буйгаа илэрхийлж, "Ганга нуурыг хамгаалах чиглэлээр тус яамнаас авч хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагааг танилцуулаад, цаашид идэвхтэй хамтран ажиллана. Ингэхдээ урт ба богино хугацааны хоёр хөтөлбөр боловсруулах нь зүйтэй. Богино хугацааны, нэн даруй хийх ёстой ажлуудыг энэ сардаа эхлэн ажилдаа орьё" хэмээгээд яамны холбогдох албан тушаалтнуудад төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Эдүгээ Ганга нуурын талбайн хэмжээний талаас илүү хувь нь алга болж, 20 жилийн өмнө 2.40 см байсан гүний хэмжээ 53 см болтлоо багассан бөгөөд элсний нүүдэл, лаг замганд дарагдаж, усны талбай нь багассаар байгаа аж.

Б.Туул

相关新闻
注释