Цагааннуур боомтоор нэвтэрсэн иргэдийн шинжилгээ сөрөг гарвал гэрийн ажиглалтад шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-13 11:42:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Гадаадаас эх орондоо зорчин ирж буй Монгол Улсын иргэдийг авто замын боомтуудаар улсын хилээр шалган нэвтрүүлэх чиглэлийг Улсын Онцгой комиссоос өгсөн.

Тус чиглэлийн дагуу энэ сарын 14-ний өдрөөс эхлэн ОХУ болон Казахстан Улсад байгаа Монгол Улсын иргэдийг Цагааннуур боомтоор нэвтрүүлэх ажлыг аймгийн Онцгой комисс зохион байгуулж байна.  

Гадаадаас ирэх иргэдийг улсын хилээр оруулахдаа Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 51 дүгээр тушаалаар баталсан "Гадаад улсаас ирсэн иргэнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам"-ыг баримтлан ажиллана.

Түр журамд зааснаар улсын хилээр орох зорчигч нь коронавирусний халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 14 хоног өнгөрсөн, эсхүл сүүлийн 4 сарын хугацаанд өвчлөөд эдгэрсэн тухай нотломжтой байх ёстой.

Зохих журмын дагуу Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирж байгаа иргэн тус бүрийг түргэвчилсэн шинжилгээнд төлбөртэй хамруулна. Харин гэр бүлтэйгээ болон асран хамгаалагчтайгаа хамт яваа 5 хүртэлх насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй.

Дээрх шаардлагыг хангасан болон шинжилгээний хариу сөрөг гарсан, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй иргэдийг тусгаарлахгүй ба гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

Харин сэжигтэй тохиолдол илэрсэн нөхцөлд аймгийн Эрүүл мэндийн газарт шилжүүлж, холбогдох арга хэмжээ авах ажээ.  

相关新闻