Нью-Йоркт боох мэх хэрэглэсэн цагдааг түр чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-23 15:20:07

НЬЮ-ЙОРК. /VOA/. АНУ-ын Нью-Йорк муж улсын Нью-Йорк хотын Цагдаагийн газар Африк гаралтай Америк эрэгтэйг боож, ухаан алдуулсан цагдаагийн ажилтныг цалингүйгээр түр чөлөөлжээ.


Нью-Йорк хотын Цагдаагийн комиссар Дермот Ши ийм явдал болсонд санаа зовниж буйгаа “Twitter” хуудсаараа дамжуулан илэрхийлээд, уг цагдааг мөрдөн байцаах ажиллагааны хугацаанд цалингүй чөлөөлнө гэж мэдэгдсэн байна.


Гэсэн хэдий ч Д.Ши хохирогч болон найзууд нь эргүүл хийж явсан цагдаагийн ажилтнуудыг доромжилж, тэдэн рүү хашгирч байсныг шүүмжилжээ. Цагдаагийн биед байсан камерын дүрс бичлэг эдгээр явдлыг харуулжээ.


Хоолойгоо боолгосон хохирогч түр зуур ухаан алдсан боловч хүнд гэмтээгүй бөгөөд цагдаагийн үйлдлийг хамт явж байсан хамтран зүтгэгчид нь зогсоожээ. Нью-Йорк хотын захирагч Билл де Бласио цагдаагийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөршгүй хэмээн мэдэгдсэн боловч уг явдлыг хүндрэхээс нь өмнө зогсоосон цагдаа нарт талархал илэрхийлсэн байна.


Өнгөрсөн тавдугаар сард Африк гаралтай Америк иргэн Жорж Флойд Миннеаполис хотын цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш орон даяарх цагдаа нарын үйл хөдлөл олны хараанд илүү өртөх болжээ. Уг явдлаас улбаалан арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийн балмад зан үйлийг эсэргүүцсэн жагсаал дэлхий даяар өрнөж эхэлсэн юм. 

相关新闻