Монголын хоккейн багт хошой аварга болох боломж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-06 12:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээний медалийн төлөөх тоглолт гуравдугаар сарын 9-нд болно.


Малайз улсын Куала-Лумпур хотноо болж байгаа тэмцээний Цомын аваргын төлөө Монгол, Индонезийн шигшээ багууд өрсөлдөх магадлал өндөр байна. Манай хоккейчид 2018 оны цомын аваргаар тодорсон бөгөөд энэ жилийн эхний тоглолтод Малайзыг 9:5-аар, дараагийн тоглолтод Сингапурыг 13:3-аар хожиж, нийт 22 гоолыг оруулаад байгаа юм.


Өнөөдөр Монгол, Филиппиний тоглолт болж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорно. Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд долоон орны баг А, Б гэсэн хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа юм. Монголын шигшээ баг “А” хэсгийг тэргүүлж, Филиппин, Малайзын багууд удаалж байна. Сингапурын баг гурван тоглолт хийж нэг ч хожил авч чадалгүй А хэсгийн сүүлд бичигдлээ.


Харин “В” хэсгийг Индонез тэргүүлж, Макао, Оманы багууд удаалж байна. Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг “Asian challenge Cup” тэмцээнд Монголын баг 2013 оноос эхлэн оролцож тогтмол медаль хүртсэн юм. Тухайлбал, 2013-2016 онд хүрэл, 2017 онд мөнгө, 2018 онд алтан медаль хүртсэн Монголын хоккейчид энэ жил хошой аварга болохоор тоглож байна.

相关新闻