Шинэ стандартын талон хэвлэж эхлээгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж иргэдэд шинэ стандарт бүхий төлбөрийн баримт хэвлэн өгөх ёстой. Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн худалдаа үйлчилгээ эрхлэгчид шинэ стандартын талон хэвлэж эхлээгүй байна.
Хэзээнээс төлбөрийн баримтаа стандартын дагуу шинэчлэх вэ гэдгийг зарим аж ахуйн нэгжийн эздээс тодруулахад, бидэнд мэдээлэл хэт тулгуу ирсэн, тиймээс 1 дүгээр сардаа л багтааж шинэ стандартын төлбөрийн баримт хэвлэдэг болно уу гэхээс өнөө маргаашдаа боломж байхгүй гэсэн нийтлэг хариултыг өгч байна.
Иргэдийн хувьд худалдан авалт хийсэн дэлгүүрээсээ талон шаардаж эхэлсэн, энэ тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч байгаа гэлээ.
Аймгийн Татварын хэлтсийн хувьд аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл хүргэсэн. Аль болох ойрын хугацаанд шинэ стандартын талон хэвлэдэг болохыг шаардан, татварын байцаагч нар өнөөдөр ч гадуур ажиллаж байна гэж тус хэлтсийн дарга М.Туяацэцэг хэллээ.
Дундговь Т. Отгонтуяа