Хүүхдүүд “Тусгаар тогтнол” шүлгийг төв талбайд уншив

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Улаанбаатар хотын “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 хүүхэд Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Монгол Улсын төв талбайд нэгэн зэрэг уншлаа.

Тус сургууль 20 жилийнхээ ойг угтан 20 бүтээлч ажил төлөвлөсний нэг нь энэхүү арга хэмжээ юм байна. Монгол үндэстний бахархал болсон тус бүтээлийг үндэсний хувцастай хүүхдүүд нэгэн хэмнэлээр уран яруу уншсан нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татав. Тус сургуулийн захирал С.Нэргүйдаваа энэхүү шүлгийг хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар төв талбайд жилдээ нэг уншуулдаг уламжлал тогтоох саналыг гаргаж шилжин явах цом бүтээснээ энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ш.Отгончимэгт гардуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Монголчуудын тусгаар тогтнол, хүсэл мөрөөдөл, амьдрал ахуй, соёл, уламжлал, тэмцлийг илэрхийлсэн энэ шүлгий хаалттай нийгэмд хүмүүс нууцаар уншдаг байсан. Бид тусгаар тогтнол гэхээр их том зүйл ярьдаг, ойлгодог. Харин ирээдүй хойч үе маань өнгөрсөн үеэ дурсаж чаддаг, өнөөдрөөрөө хөгжиж чаддаг, маргаашийн зүг өөдрөг алхаж чаддаг байхын тулд тусгаар тогтнолын үнэ цэнийг хамгийн түрүүнд ойлгох ёстой. Тиймээс энэ шүлгийг сонгосон” гэв.