Гандантэгчинлэн хийд шинийн 15-ныг дуустал ерөөл хурна

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд энэ жилийн Цагаан сарын шинийн нэгэнд уламжлалынхаа дагуу сүсэгтэн олондоо зориулан Шинийн нэгнээс 15-ныг дуустал ерөөл хурж, “Балин адислах ёслол” хийнэ.

Мөн Лхам бурхны магтаал “Цэдэрлхам” номыг унших ажээ. Цэдэрлхам хэмээх ном нь шашны талаасаа ямар учир агуулгатай тухай Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга Ж.Одгаригаас тодрууллаа.

Синхрон:

Цагаан сарын битүүний орой монголчууд идээ будаагаа засч, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай зан үйл юм. Буддын мянган бурханы нэг Лхам бурхан энэ үдэш шар халзан луусаа хүлэглэн дэлхий ертөнцийг нүд ирмэхийн зуурт тойрч айл бүрийн гэр доторхыг халиадаг тухай дорнын домогт Монголчуудын өвөг дээдэс итгэж ирсэн бөгөөд дээрх зан үйл нь энэхүү домогтой холбоотой. Тотгон дээрх мөс нь Лхам бурханы хүлэглэж яваа луусны цангааг тайлахад зориулагджээ.

Синхрон:

Дорны үндэстнүүдийн Хаврын баяр буюу Цагаан сар нь монголчуудын хувьд төр, шашны хосломол хэв шинжтэй бэлгэдлийн баяр болохынхоо хувьд шашны зан үйлүүдээр нэн баялаг юм. Тухайлбал, мөр зүгээ гаргах, жилийн засал номоо хийлгэх гэх мэтчилэн гандан хийдийг зорих хүмүүсийн цуваа сар хуучиртал үргэлжилдэг. Тэгвэл Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд тус өдрүүдэд  сүсэгтэн олондоо ямар ном айлдварыг хүргэдэг талаар сонирхсон юм.

Синхрон:

Энэ жил Цагаан сарын шинийн нэгэн 2-р сарын 27-нд тохиож байгаа билээ. Монголын Цагаан сар дорнын улсууд болох Хятад, Япон, Солонгосын хаврын баяртай нэг өдөр давхцах үе олонтаа байдаг бол энэ жил нэг сараар оройтож байгаа нь манай улс монгол лам нарын зохиосон Төгсбуянтын зурхайн цаглабараар тооцсонтой холбоотой юм.

Б.Занданхүү