Монгол адууны баяр

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилготой “Талын түмэн адуу” арга хэмжээ энэ сарын 18-19-нд Төв аймгийн Алтанбулаг суманд болов.

“Мөнх харилцаа” ТББ-аас гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус арга хэмжээний энэ жилийнхийг гадаадын 10 орноос ирсэн 200 гаруй жуулчин үзэж сонирхлоо. Монгол орны газар газраас цугларсан 600 гаруй морьдын уралдаан, эмнэг сургах, уурга шүүрэх тэмцээнүүд гадныхны сонирхлыг ихээхэн татсан юм. Хэнтий аймгийн Батноров сумын нутагт болсон өнгөрөгч жилийн тэмцээний үеэр    Монголын гэрэл зурагчин Ч.Батзаяагийн авсан шарга азарганы зураг тус оны дэлхийн шилдэг зургаар шалгарсан билээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулагч “Мөнхийн харилцаа” ТББ-ын тэргүүн Э.Цэрэнбат “Өмнөх жилүүдэд баярт оролцсон адуу түм буюу 10 мянгад хүрч байсан бол энэ жил 600 гаруй шигшмэл хүлгийг цуглуулсан. Өвлийн хахир хатуу цагийг дөнгөж давсан морьд тарга, тэвээрэг муу байгаа тул малчид адуугаа хайрлаад оруулах нь бага байна. Тиймээс ирэх жилүүдэд бид энэ арга хэмжээгээ налгар дулаан намрын сард зохион байгуулахаар ярилцаж байна” гэлээ.