Улаанбаатарын өвлийн наадам

 |  Written by MontaStudio  | 
PDF version

Монгол Улсын нийслэлийн удирдлага, Аялал жуулчлалын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг зохион байгууллаа.

Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид үндэсний сурын харваагаар цэцээ сорьж, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан өдрийг зугаатай өнгөрүүлцгээв. Мөн тусгайлан зассан асарт жижиг, дунд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулсан юм.  Нийслэлийн иргэдэд зориулсан энэхүү баярт очсон хүмүүс Цагаан сараар бие биедээ бэлэглэх зүйлсийг үндэсний үйлдвэрлэгчдынхээ бүтээгдэхүүнээс сонгон худалдаж авлаа. Тус арга хэмжээг зохион байгуулагчид өвлийн хүйтэн өдөр мөсөн талбайд зорин очсон иргэдээ  халуун цай, халуун чацарганаар үнэгүй дайлсан нь оролцогчдод ихээхэн таалагдав.

Мөн үеэр хамгийн сайхан үндэсний хувцастай хүнийг шалгаруулах тэмцээн явуулсан нь Гэр бүлийн баярыг чимсэн онцлог арга хэмжээ боллоо. Хоёр өдөр үргэлжилсэн тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парадаас гадна гэр бүлийн хөгжөөнт тоглоомууд, цасан урлалын тэмцээн зохиогджээ.