top banner
Шуурхай мэдээ

Адууны эх нутагт бүтээсэн “Адуу” брэнд дэлхийн зах зээлийг зорино


2017-02-01 12:01:01
Зураг

Хүүхэд төрөхдөө ойролцоогоор 300 ястай байдаг бол өсөлтийн явцад нэгдэж насанд хүрэхдээ  ердөө 206 ястай болдог байна. Хүний тулгуур эрхтэн болох ясны эдийн нягтаршил багасч бөх бат, уян хатан чанар алдагдан хэврэгшиж, амархан хугарамтгай болдог эмгэгийг яс сийрэгжих өвчин гэдэг.

ДЭМБ-ын гаргасан мэдээнээс үзвэл ясны сийрэгжилт буюу остеопороз нь халдварт бус өвчний тархалтаар зүрх судасны өвчин, өмөн, чихрийн шижингийн дараа ордог аж. Хөгжил дэвшлийн эрин гэгддэг 21-р зуунд яс сийрэгжих өвчин ийнхүү түгээмэлжсэн нь хүнс тэжээл, амьдрах орчны өөрчлөлтэй холбоотой хэмээн эрдэмтэд тайлбарладаг. “Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх өдөр ирнэ” гэсэн үг биеллээ олж байгаа энэ цаг үед Монгол Улсын эрдэмтэн, химич Д.Дэмбэрэлнямбуугийн бүтээсэн “Адуу” бэлдмэл ясны сийрэгжил өвчнийг анагаах үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж  байна.

Дэлхий дээрх амьтдаас хамгийн бөх ястай нь адуу гэнэ. Адууны яс нь бусад мал амьтны ясыг бодвол хүнд хэрэгцээтэй олон төрлийн органик бодис, уураг, коллаген, өсөлтийн гормон, микро элементүүд болон эрдсээр нэн баялаг, шим тэжээл сайтай нь шинжлэх ухаанаар батлагджээ. Адуу нь хүнээс жингээрээ 3-4 дахин илүү мөртөө кальцийн хэрэглээгээр 30 дахин илүү тул адууны ясны кальцинд хүний ясыг төлжүүлэх чадвар асар өндөр байдаг аж. Мөн адуу салаа туурайтны шүлхий, галзуу зэрэг хавдварт өвчнөөр өвчилдөггүй эрүүл амьтан юм. Тэр тусмаа Монгол орны адуун сүрэг нь атар онгон нутаг бэлчээрт идээшилж, цэвэр агаараар амьсгалж, өвсний сайныг идэж, усны тунгалгийг уудаг учир мах, сүү нь хүний биед эм болох увидастай. Эхийн сүү нь гүүний саамтай найрлагын хувьд хамгийн ойр байдагтай адил адууны яс нь хүний ястай ижил төстэй бүтэцтэй ажээ.

Хувилахуй ухааны эрдэмтэн Д.Дэмбэрэлнямбуу адууны энэ л давуу талуудыг соргогоор мэдэрч “Адуу” брэндийн кальцийн бэлдмэлийг гарган авсныг эрдэм шинжилгээ туршилт судалгааны “Монхимо” компани үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэлжээ. Энэхүү кальцийн бэлдмэлийг хүнстэй ижил бүтэц, найрлагатайгаар хийсэн тул шингэц сайтай, удаан хугацаанд хэрэглэхэд ямар нэгэн сөрөг, нөлөө үзүүлдэггүй онцлогтой юм байна. 

Импортын кальцийн бүтээгдэхүүнд ихэвчлэн эрдсийн гаралтай хямд үнэтэй нүүрс хүчлийн кальци (шохойн кальци), далайн элдэв амьтны хуяг, дун, хясаагаар хийсэн кальци (нүүрс хүчлийн кальцийн зарим талст бүтэц) болон нийлэг аргаар гарган авсан органик хүчлийн кальцийн давс, тухайлбал нимбэгний болон глюконат кальци зэрэг нь хүний биед байдаггүй гадны зүйлс болохоор ясанд шингэх нь бага, боловсрохдоо удаан, хий ялгаруулах, ходоодны хүчлийг саармагжуулж, галыг нь бууруулах, судасны хананд үлдэж цусны даралтыг ихэсгэх, зүрх судасны өвчин үүсгэх шалтгаан болдог ажээ. Мөн эдгээр кальцийн бэлдмэл нь зөвхөн эрдсийн гаралтай, бараг дангаараа шахуу байдаг тул өдөрт ердөө нэг ширхэгийг хэрэглэх заавартай. Харин Д.Дэмбэрэлнямбуу эрдэмтэн дээр дурдсан сул талуудыг шийдвэрлэх зорилго тавьж, Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын стандартын дагуу ясны эдийн нягт, сийрэгжилт, хүүхдийн өсөлтийг орчин үеийн рентген оношлогооны багаж төхөөрөмжөөр тогтоож, шаардлагатай тохиолдолд “Адуу” брэндийн яс төлжүүлэгч бэлдмэлийг хэрэглэхийг санал болгож эдгэрэлтийн явцыг тогтмол хянаж байна. Кальцийн бэлдмэл нь карбонат, цитрит, биологийн гэсэн гурван төрөл байдаг. "Адуу" брэндий кальци нь биологийн буюу кальцийн гидроксиапатит тул бусад кальциас уусах шингэх чанараараа илүү юм. Туршилтаар ходоодны хүчилтэй ижил хүчиллэг давсны уусмалд 30 минут хутгахад тус кальцийн 97 хувь нь бүрэн уусч байв.

Тэрбээр БНСУ-ын эрдэмтэдтэй хамтарч туршилтын хулгануудын өндгөвчийг авч зохиомлоор цэвэршилт үүсгэн адууны ясаар хийсэн кальцаар тэжээхэд ясны сийрэгжилт нь хурдан буурч байгааг харьцуулсан туршилтаар нотолжээ. Монгол адууны яснаас гаргаж авсан кальцийг өнгөрсөн хугацаанд олон мянган хүн хэрэглэснээс 90 гаруй хувь нь богино хугацаанд өндөр үр нөлөө үзүүлж байгаагаас харахад хүний биенд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй, шингэц сайтай биологийн кальци болох нь амьдрал дээр бүрэн нотлогдоод байгаа юм. Хамгийн гол нь амьтны гаралтай гэдгээрээ онцлог давуу талтай ажээ.

“Адуу” брэндийн кальци нь нягтаа алдсан болон сийрэгжсэн ясанд сайн шингэж, нягтыг нь хурдан нэмэгдүүлдэг. Мөн ясны бөх бат чанарыг сайжруулах зорилгоор орчин үеийн эрүүл мэндийн шинжлэх ухааны судалгаанд  үндэслэн, ясны зөөлөн эдийг бүрдүүлэгч глюкозамин, коллаген, шаардлагатай амин дэм (С, D3, К витамин,  фолийн хүчил, болон зэс, цайр, манган, бор гэх мэт эрдэс бодисууд)-үүдээр баяжуулж өгчээ.  Ясны  нягт буурах, сийрэгжих, үе мөчний өвчний явцад хүний ясанд байдаг кальци, магни, коллаген, өсөлтийн гормонууд, микро болон макро элементүүд цогцоороо алдагддаг билээ. Өөрөөр хэлбэл эд, эсээ алдаж нягт нь буурч, сийрэгжээд “өлсгөлөн” яс болдог. Иймд тэд эдгээр алдагдсан олон бодисыг байгалийн гаралтай, хүний ясанд амархан шингэдэг уураг, амин дэм, эрдэс бодисууд, микроэлементээр цогцоор нь хангаж өгөх зорилго тавьж энэ биологийн нэмэлт бэлдмэл ясны тэжээлийг хийсэн байна.

Энэхүү бүтээл нь 2009 оны “Монгол Улсын экспортын оюуны багтаамжтай шилдэг бүтээл”, олон улсын “Үндэсний үйлдвэржилт-экологийн цэвэр бүтээгдэхүүн”, 2010 оны Монгол Улсын инженерүүдийн анхдугаар чуулганы шилдэг бүтээгдэхүүн”, 2012 оны Монгол Улсын шинжлэх ухаан технологи, эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, 2013 оны Монгол Улсын үйлдвэр худалдааны салбарын шилдэг бүтээл, 2015 оны Монгол Улсын шинжлэх ухааны шилдэг бүтээл, 2015 оны “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн” зэрэг хүндтэй өргөмжлөлүүдийг хүртжээ. Мөн химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямбуу нь эл бүтээлээрээ 2015 онд Шинжлэх ухааны салбарын шилдэг бүтээлийн шагнал, 100 сая төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас хүртсэн юм. Өдгөө “Монхимо” компаний “Адуу” брэндийн кальцийг Монгол Улсын дотоодод өргөнөөр хэрэглэхийн зэрэгцээ БНСУ, Япон улс руу экспортолж байна. Мөн “Монхимо” компаниас эмнэлэг болон ахуйн хэрэглээнд зориулан дотооддоо үйлдвэрлэж байгаа “Тамедин”, “Химодин”, “Санитол” гэх мэт ариутгалын бодисын зах зээл дэх эрэлт ч нэмэгдсээр байна.

  1998 онд байгуулагдсан тус компанийн эмийн үйлдвэр, эрдэм шинжилгээ туршилт судалгааны лаборатори Улаанбаатар хотоос 130 км-т орших Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 20 гаруй төрлийн эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Биднийг үйлдвэр, лабораторийг нь үзэж сурвалжлах явцад эрдэмтэн Д.Дэмбэрэлнямбуу гуай өмнө хийсэн болон одоо хийж байгаа, цаашид хийхээр төлөвлөж байгаа эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн төслүүдээ танилцуулсан юм.

Тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түүхий нүүрсийг угааж цэвэр нүүрс үйлдвэрлэх технологийн шинэ дамжлагыг санаачлан зохион бүтээжээ. Энэхүү үйлдвэрлэлийг нэвтрүүлбэл ус, цахилгааны асар хэмнэлттэйгээр гэр хорооллын айл өрхийг чанартай хямд түлшээр хангахын зэрэгцээ нүүрснээс гардаг хорт утааг бууруулах боломж бүрдэх юм байна. Улсын эдийн засгийн нөхцөл боломжоос шалтгаалан Улаанбаатарын гэр хорооллыг барилгажуулах үйл явц удаашралтай байгаа энэ үед хотын агаарын бохирдлыг бууруулахад энэ төсөл хувь нэмрээ оруулна хэмээн тооцож байгаа ажээ.

Мөн Эрдэнэтийн уурхайн хаягдал цагаан шороог барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах  технологийг боловсруулснаа ч үзүүлж байлаа. Тэрчлэн хавар намрын улиралд салхиар дамжин байгаль орчин, хүн амьтныг хордуулж амьсгалын замын өвчлөл үүсгэдэг нарийн ширхэгт эл шороог дэгдээхгүй дармалжуулдаг бодисыг гарган авснаа холбогдох байгууллагад танилцуулжээ. Энэхүү бодисыг устай хольж өндөр даралтаар шүршвэл өнгөн гадарга нь биежиж гадны биетийн нөлөөгүй үед салхиар дэгдэхгүй байх боломжтой юм байна. Энэ мэтчилэн бодож болгоож, хийж төлөвлөж байгаа, улс орны хөгжилд тустай бүтээлч санаачлагууд Д.Дэмбэрэлнямбуу эрдэмтний ярианд цөөнгүй дурдагдав.

Бие махбодь, эсийн дотор амьдралын нарийн хувирал болох химийн урвалууд явагдаж байдаг. Ийм болохоор амьд бие махбод нь химийн судалгааны нэгэн хэсэг болдог. Д.Дэмбэрэлнямбуу эрдэмтэн хүчил шүлтийн балансыг тэнцвэртэй байлгахын чухлыг тайлбарлахдаа,  “Хүний бие дотор гал түймэр аслаа гэхэд унтраах зүйл нь зөвхөн шүлт юм” гэж хэлсэн. Орчин үеийн хүмүүсийн аймшигт дайсан болсон хаврын өвчлөлүүд л гэхэд хүний биед хүчил шүлтийн баланс алдагдаж хүчил давамгайлснаас үүсдэг байна. Чухам иймээс л зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтийн өмнө эрүүл хүнс хэмээх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. “Монхимо” компанийн туршилт судалгааны лабораторид Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын хоол хүнсний баяжуулалтын багц туршицууд хийгдэж үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болоод байна.

 

Биднийг  хүрээлэн байгаа материаллаг ертөнцөд бүх зүйл бодисоос тогтдог. Амьтай, амьгүй байгаль дэлхийг бүрдүүлж байгаа бодисын найрлага, бүтэц, тэдгээрийн хувирч өөрчлөгдөх зүй тогтлыг судалдаг Хувилахуй ухаан хөгжихийн хэрээр бидний амьдралд олон шинэ нээлт, бүтээгдэхүүн орж ирсээр байна. Үүний нэг болох Монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа “Адуу” брэндийн кальци нь хүн төрөлхтөний өмнө тулгамдаж байгаа ясны сийрэгжил өвчнийг анагаах “Өлсгөлөн ясны цатгалан тэжээл” болж эрүүл мэндийн шинжлэх ухааны үйлдвэрлэлд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Монгол орон бол адууны төрөлх нутаг билээ. Үүнийг баталсан археологийн үнэт олдвор Монголын өмнөд говиос олдсон юм. Мезонхид-кондилатор хэмээн нэрлэгдсэн уг олдвор нь 40 сая жилийн өмнөх үед хамаарагдах бөгөөд хамгийн гайхалтай нь нэн эртний энэхүү адуу хөлдөө таван хуруутай байжээ. Гурав, дөрвөн хуруутай өвөг адууны араг яс Европоос өмнө нь олдсон боловч таван сарвуутай нь илрээгүй байсан билээ. Тиймээс орчин үеийн дээд хөгжилт сүүн тэжээлт амьтан төв Ази, тухайлбал, Монголын  говьд анх бий болоод дөрвөн хуруутай болж тав дахь хуруугаа эх нутагтаа гээгээд тархжээ гэсэн дүгнэлтийг Америкийн эрдэмтэн Г.Ф.Осборн дэвшүүлсэн байна. Эдгээр судалгаанд үндэслэн Төв Азийн өндөрлөг хэсэгт хөлийн сарвуундаа таван хуруутай нэн эртний адууны өвөг “адуухан” үүсэж бий болоод ертөнцийн зүг бүр тийш тархан нүүдэллэсэн, тав дахь хурууны үлдэгдэл нь зөвхөн Монгол адууны дөрвөн мөчинд тодоор илэрдэг “эмгэн туурай” болох таамаглалыг судлаачид дэвшүүлсэн байдаг ажээ.Монгол адууны генофонд, тархалтыг судалж, богино махлаг хүзүүтэй, бүдүүн гэдэстэй, бахим хөлтэй, том толгойтой, сахлаг үстэй Монгол хэв шинжийн адуу Сибирийг нэвтэлж, Скандинавын зүгт тархаж вятка, жмудка болон Сибирийн адуунд, Дорнод Европ тийш тарапан, дундад болон бага Ази уруу казах, киргиз, туркмен адуунд, тухайлбал ахал-тэх, араб үүлдэрт, зүүн хойд зүгт тундрын якут цагаан адуунд, зүүн өмнө зүгт Солонгосын Чэжу арлын “жоран мали” хэмээх адуунд, Энэтхэг-Хятадын хойг, Малайзын адуунд хүртэл цусаа шингээсэн гэж үзжээ. Орчин үеийн адууны зэрлэг уг удам нь манайд одоогийн үе хүртэл амьдарч байгаа Монголын тахь гэж үздэг. Мөн Хойд  Америкаас 650-иад мянган жилийн тэртээ үеийн адууны чулуужсан яс олдсон нь Азиас очсон адууных болохыг тогтоосон билээ.

Ийнхүү адууны эх нутагт бүтээгдсэн “Адуу” брэндийн кальцийн бэлдмэл Монголоос дэлхийн зах зээлийг зорин “мордож” байна. Хол явах морьтны дөрөөнд сүү дусаадаг монгол заншлаар тал нутгийн адууны шим таван тивийн хүмүүст эрүүл энхийг бэлэглэх болтугай хэмээх ерөөлөөр энэхүү тэмдэглэлээ жаргаая.

Б.Занданхүү


Монгол брэнд