Ардчилснаас хойш 25 жилийн дараа Монгол гадаад бодлогоо эргэн харав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-07 16:01:09

ЦЮРИХ. /isn.ethz/. Гадаад бодлогоо сэргээхийн тулд Монгол Улс ямар алхмуудыг хийв? Алисия Кампигийн хариулт 6 гол санаачилгыг онцлон тэмдэглэжээ.

Улс орон, эдийн засгийн хөгжлийн явцаа эргэн харж Монгол Улс ардчиллын 25 жилийг энэ онд тэмдэглэж байна. Уул уурхайд тулгуурласан хөгжилд анхаарал хандуулж байгаагийн сацуу гадаадын шууд хөрөнгө оруулалтыг болон эдийн засгаа сэргээхийг Монголын Засгийн газар чармайж байна.

Төрийн өмчийн "Оюутолгой" зэсийн орд болон "Тавантолгой" нүүрс, ураны ордыг ашиглахаар гадны хөрөнгө оруулагчидтай хийж буй хэлэлцээнд улс төрийн энэ бодит байдал сөргөөр нөлөөлөх талтай. Гэсэн хэдий ч, коммунист системтэй байсан Монгол чөлөөт зах зээлд амжилттай шилжиж, бүс нутагтаа үлгэр жишээ болсон, олон улстай харилцаатай ардчилсан орон болсныг дурдах нь зүйтэй.

Сүүлийн 25 жилийн чиг хандлага

1990 оноос хойш ерөнхийлөгчийн болон парламентын бүх нийтийн 12 сонгууль, орон нутгийн 16 сонгууль явуулснаар нь Монголын ардчиллын эрчийг нотолж болно.

Хөрш Орос, Хятад улстай харилцаагаа тэнцвэржүүлэхийн хажуугаар улс төр, эдийн засгийн дэмжлэг авах үүднээс АНУ, Япон, Өмнөд Солонгос болон Европын нийгэмлэг зэрэг бусад ардчилсан улс болон байгууллагатай харилцахаар заасан  "гуравдагч хөршийн бодлого” нь Монголын улс төр, үндэсний аюулгүй байдлын цогц үзэл баримтлал юм.

Ирак, Судан, Конго, Баруун Сахарт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, Номхон далай дахь АНУ-ын командлал, Тэнгисийн явган цэргийн хүчинтэй хамтран "Хааны эрэлд" олон улсын цэргийн сургуулилтыг 13 жил хийснээр цэргийн чадвараа Монгол сайжруулсан юм. Одоогийн байдлаар тус улс Оростой хамтран жил бүр цэргийн сургууль хийж, терроризмтой тэмцэх болон хил хамгаалах асуудлаар 8 удаа Хятад улстай зөвлөгөөн хийгээд байна.

Монголын уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт уул уурхайн салбарын хөгжил үр ашгаа өгдөг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах гол соронз нь зэс, алт, нүүрсний ордууд юм. Тус улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2014 онд 11900 доллар байжээ. Монгол коммунист он жилүүдэд дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь гуравны нэгийг бүрдүүлдэг байсан  ЗХУ-ын туслалцаанаас хамааралтай байв. 1990-ээд оны эхээр Монголын эдийн засаг гүн уналтад орохоос Барууны орнуудын өгөөмөр туслалцаа, тухайлбал, Япон, Герман, АНУ-ын дэмжлэг аварсан байна. Дорвитой хувьчлалаар дамжуулан эдийн засгийн өөрчлөн шинэчлэлт явуулж, Дэлхийн худалдааны байгууллагад элссэний дараа, Монголын эдийн засаг цэцэглэх нөхцөл бүрдсэн боловч авлига газар авчээ. Өргөн цар хүрээтэй уул уурхайд гадаадын шууд хөрөнгө оруулалт татахад эдийн засгаа чиглүүлснээр 2004-2008 онд Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт жил тутам 9 орчим хувьтай байж, эрдэс баялгийнхаа өндөр ханшаас ашиг олсон байна. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед Олон улсын валютын сан болон бусад зээлдэгчээс авсан зээлээрээ Монгол Улс банкны салбар, төсвийн менежментээ бэхжүүлжээ. Өнгөрсөн 15 жилд Монголын худалдааны гол түнш нь Хятад болсноор дотоодод түгшүүр үүсч, худалдаагаа төрөлжүүлэхэд уриалахад хүргэсэн юм. Монголын бензин, дизель түлшний хэрэгцээний 90 хувийг Орос нийлүүлж байгаад санаа зовсон монголчууд гадны нийлүүлэгчдээ төрөлжүүлж, дотооддоо үйлдвэр байгуулахаар болсон байна.

"Оюутолгой" зэс, алтны томоохон ордын бүтээн байгуулалтын тухай хөрөнгө оруулалтын гэрээг “Рио Тинто” тэргүүтэй олон улсын компаниудын нэгдэлтэй 2009 онд байгуулсан нь Монголын эдийн засагт гол нөлөө үзүүлж байна. Монголын ДНБ-ий өсөлт нь буурч эхлэхээсээ өмнө, 2011 онд 17.5 хувь хүрсэн юм. 2014 онд ДНБ-ий өсөлт 7.8 хувь байсны 4.3 хувийг  "Оюутолгой" ордоос олсон орлого эзэлж байв. Гэвч, "Оюутолгой"-н гэрээний нөхцөл, гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлаар дотооддоо санал зөрөлдсөн нь хөрөнгө оруулалтын хуулийн төслийг өөрчлөхөд хүргэсэн билээ. Гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн сунжирсан маргаан тус улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чадварт сөргөөр нөлөөлсөн. Ядуурлын түвшин нь 30 хувьд хүрсэн Монголд үзүүлэх хөрөнгө оруулагчдын итгэл болон гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурчээ. Хятадын ашигт малтмалын эрэлт буурч, ашигт малтмалын ханш унан, төсөв, валютын бодлого сул байснаар Монголын эдийн засаг  суларсан юм. Үүнээс улбаалан инфляцийн түвшин өсөж, мөнгөн тэмдэгтийн ханш унахад хүрсэн. Мөн 5.35 тэрбум долларын зээлээ Монгол төлөх шаардлагатай. 2016 оны парламентын, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монголд ийм сорилтууд тулгараад байна.

Урагшлах зам

1. "Гуравдагч хөршийн бодлого"-ыг ахин тодорхойлох: Ардчилсан улсуудтай холбоогоо өргөжүүлэх, Орос, Хятад улсын нөлөөг тэнцвэржүүлэх болон Монголын нэрийг олон улсад гаргах хүрээнд одоогийн энэ бодлого улс төрийн хүрээнд амжилттай байсан. Гэвч, эдийн засгийн 90 хувьд Хятад дангаар ноёрхохоос сэргийлэх эсвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг баруунаас хангалттай татахад энэ бодлого туслаагүй юм. Тиймээс "гуравдагч хөрш"-ийн тодорхойлолтоо Монгол эргэн харж, өргөжүүлэх хүрээнд ашигт малтмалын худалдааны түншүүдээ төрөлжүүлэх, эрчим хүч, өргөн хэрэглээний барааны шинэ эх үүсвэр олох зорилгоор Энэтхэг, Турк, Персийн булангийн орнууд, Вьетнам, Иран зэрэг улсыг онцолж байна.

2. Гурван талын харилцаа: 2014 оноос Орос, Хятад улстай харилцаагаа ойртуулснаар Монгол Улс "хөрш гурван улсын харилцааны бодлого”-ыг Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын үеэр дэвшүүлсэн юм. Түүгээр зогсохгүй, Монголын ардчилсан үүрэг хариуцлагын талаар буруу ойлголт төрүүлэхээс зайлсхийж, Япон, АНУ-ыг оролцуулсан "гурван талын ардчилсан харилцааны бодлого”-ыг 2015 оны 9 дүгээр сард монголчууд санаачилсан юм.

3. Байнга төвийг сахих байр суурь: Гэнэтийн алхам хийж, "байнга төвийг сахих байр суурь"-ийг нь батлахыг 2015 оны 9 дүгээр сард Монгол НҮБ-аас хүссэн юм. Байнга төвийг сахиснаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага болон Оросын Гаалийн холбоонд элсэхээс Монгол чөлөөлөгдөх боловч, НАТО-гийн "Тусгай түншлэл, хамтын ажиллагааны хөтөлбөр", АНУ-ын дэмжлэгтэй "Хааны эрэлд" жил тутмын цэргийн сургуулилт дахь Монголын оролцоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

4. Олон улсын шинэ байгууллагуудыг дэмжих: Гуравдагч хөршийнхөө хүрээг тэлсний нэг онцлог нь төрийн албаныхан болон дипломатуудыг бэлтгэх хөтөлбөрөөр дамжуулан, ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн талаарх туршлагаа Мьянмар, Киргизстан, Афганистан зэрэг коммунист системтэй байсан орнуудтай хуваалцах зорилготой "Олон улсын хамтын ажиллагааны сан"-г байгуулахад оршиж байна.  Бүс нутгийн тээврийн сүлжээнд нөлөөлж буй, Азийн илүү өргөн хүрээтэй асуудлуудыг шийдэх ажилд Монгол идэвхтэй оролцож байгаа билээ. Умард-Өмнөд Солонгосын тухай “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ", Монгол-Орос-Хятадын “Умардын төмөр зам”, "Азийн форум" зэрэг жишээг дурдаж болно.

5. Олон улсад идэвхээ дээшлүүлэх: 2016-2018 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 10 дугаар сарын 28-нд Монгол Азиас нэр дэвшигчдийн дунд хамгийн өндөр санал авч сонгогдсон тухай хамгийн сүүлийн үеийн жишээг дурдаж болно. 2016 онд Дэлхийн эдийн засгийн форумын Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалт болон 11 дэх удаагийн Ази, Европын уулзалтыг /ASEM/ Монгол зохион байгуулна.

6. Монголын брэндтэй болох: Хөдөө аж ахуйн гаралтай, нүүдэлчдийн органик бүтээгдэхүүн экспортлох зорилгоор брэндтэй болох кампанит ажлыг 2013 онд Монгол санаачилсан юм. Уг кампанит ажил нь худалдаагаа өргөжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон аялал, жуулчлалыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Өнгөрсөн 25 жилд Монголын чөлөөт зах зээл, ардчилсан хөгжлийг АНУ-ын бодлого тодорхойлогчид намаас үл хамааран дэмжсээр ирсэн. Цэрэг-улс төрийн хүчтэй харилцаагаа эдийн засгийн харилцаагаар бататгах хэрэгтэйг хоёр улс ойлгодог билээ. 9 дүгээр сард шинээр томилогдсон АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Женнифер Галтын өмнө уг сорилт тулгарч байна. Монгол Улс ардчилалд үнэнч учраас, саад бэрхшээлээс үл хамааран  АНУ, Монголын харилцаа цэцэглэн хөгжиж байна.

Ардчиллын 25 жилийн ойг тэмдэглэх үеэр Ерөнхийлөгч Элбэгдорж: 1. Монголд ардчилал хөгжих эсэх нь монголчуудаас шалтгаална, 2. Терроризмтой тэмцэхэд Монгол анхаарлаа хандуулахын сацуу коммунизмын туршлагаасаа суралцах хэрэгтэй, 3. Ардчилал бол "үнэхээр хүнд, адармаатай үйл явц. Тиймээс өдөр бүр ардчиллын төлөө хүчин зүтгэж, хамгаалах хэрэгтэй" гэсэн Монголын ирээдүйд зайлшгүй чухал гурван зүйлийг онцолсон тухай АНУ-Монголын зөвлөх бүлгийн /the US-Mongolia Advisory Group/ ерөнхийлөгч Алисия Кампи бичжээ. 

Х.Аминаа

 

Связанные новости