Архигүй-Хэнтийчүүд хөтөлбөрийг дэмжиж ажиллана гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 12:44:16

МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын СГЗ Б.Галаарид, Монголын сайтуудын холбоо(МОСАХ-)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар нар Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт төдийгүй Монголын сэтгүүлзүйн салбарт тулгамдсан болон ололт амжилттай байгаа үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцаж, хамтран ажиллахаар болов.

“Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд урилгаар оролцож байгаа МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын СГЗ Б.Галаарид, Монголын сайтуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар нарыг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хүлээн авч уулзлаа.

Аймгийн Засаг дарга хэрэгжүүлж байгаа “Архигүй Хэнтийчүүд”, “Цахим Хэнтий” хөтөлбөрийн талаар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтран ажиллаж байгаагаа зочиддоо товч танилцуулж, урилгыг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Энэ үеэр МСНЭ-ийн бодлого чиглэлийн талаар танилцуулан, санал бодлоо солилцож, аймаг орныхоо бодлого шийдвэр, үйл ажиллагааг иргэддээ нээлттэй байлгах үүднээс орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажилладагт нь талархал илэрхийлж, энэхүү туршлагаа бусад аймгийн удирдлагуудад үлгэр дууриал болгон хэрэгжүүлэх тал дээр тэдэнд санал гаргахыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын СГЗ Б.Галаарид хүслээ.
Мөн МОСАХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар “Хэнтий аймаг Монгол Улсад хамгийн анхдагч Архигүй-Хэнтийчүүд хөтөлбөрийг бодитой үр дүнд хэрэгжүүлж чадсанд аймгийн Засаг даргад талархал илэрхийлээд нийгэмд үр өгөөжөө өгсөн, бусад аймаг орон нутагт жишиг болохуйц мэдээллийг МОСАХ-ны зүгээс дэмжиж ажиллана” гэв.
Энэхүү уулзалтын дараа аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудтай уулзаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн зөв шийдвэрлэх тал дээр зөвөлгөө өгч, цаашид хамтарч ажиллах өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, удирдлагууд энэ чиглэлээр явуулж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулсан аж.

МСНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын СГЗ Б.Галаарид ”Хэнтий аймгийн хувьд хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаагаараа улсдаа дээгүүрт ордгийг цохон тэмдэглээд цаашид боломжтой бүхий л байдлаар дэмжин ажиллана” гэв.
Мөн Хэнтий аймгийн бүтээн байгуулалттай танилцаж, “Хэнтий”, “Өндөрхаан” телевиз, “Хэнтийн мэдээ” сонины байраар зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, тулгамдаж байгаа зарим асуудалд хамтран ажиллахаар боллоо.

О.Буянхишиг

Связанные новости