Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэлээр чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-25 14:50:51

ХАХНХЯ болон Сэргээн засалт, хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд хамтран энэ сарын 28-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт”  Үндэсний II  чуулганыг Төрийн ордонд зохион байгуулахаар болов.

Монгол Улсад нийт 110 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа бий. Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсролд хамран суралцах боломжийг бүрдүүлэх зэрэг чухал асуулуудад онцгой анхаарал хандуулан ажиллаж  байна.  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын чиглэл 2013 оны 05 сарын 03 нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил, хамгааллын шинэчлэлийн бодлого”  Үндэсний анхдугаар  чуулганыг зохион байгуулж байсан билээ. Энэ удаа 2013 оны анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, санал санаачилгын хэрэгжилт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх,  Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-р батлуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх уриалга гаргах юм.

Тус чуулганд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга Б.Нарантуяа болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төлөөлөл болсон 600 гаруй зочид, төлөөлөгчид оролцох аж.

Ч.Ариунболд

Связанные новости