“Фиорентина” хоёр жил дараалан Конференцийн лигийн тэмцээний финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-05-09 11:51:34

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 9 /РИА Новости/. Европын Конференцийн лигийн тэмцээний хагас шигшээгийн хариу тоглолтод Италийн “Фиорентина” ба Бельгийн “Брюгге” багууд тэнцсэнээр италичууд Европын цомын гурав дахь том тэмцээний финалын тоглолтод шалгаран үлдлээ.


Лхагва гарагт Брюгге хотод болсон тоглолт 1:1 харьцаагаар дууссан бөгөөд талбайн эзэн багийн Ханс Ванакен 20 дахь минутанд гоол оруулсан бол зочин багийн хөлбөмбөгчин Лукас Бельтран торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэжээ. Тоглолтын нэмэлт цагт Бельгийн багийн тоглогч Денис Одои хоёр дахь удаагаа шар карт авснаар талбайгаас хөөгдсөн байна.


Хоёр багийн эхний тоглолт энэ сарын 2-ны өдөр болж, 3:2 харьцаагаар Италийн баг хожжээ.


Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Грекийн “Олимпиакос”, Английн “Астон Вилла” багууд учраа таарч, эхний тоглолтод грекчүүд 4:2 харьцаагаар ялалт байгуулсан бол өнөөдөр хариу тоглолт болно.


Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Конференцийн лигийн тэмцээний финалын тоглолт энэ сарын 29-ний өдөр Афин хотод болох бөгөөд “Фиорентина” баг хоёр жил дараалан аваргын төлөө өрсөлдөх гэж байна. Өмнөх тэмцээний шувтаргын тоглолтод италичууд Английн “Уэст Хэм” багт 1:2 харьцаагаар хожигдсон юм.   

Связанные новости