ДОРНОГОВЬ: Их найман ханатай “Ноён хутагтын өргөө"

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-05-08 14:50:15

Сайншанд, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нийслэлийн төв талбайд нээсэн “Монгол гэр” үзэсгэлэнд Дорноговь аймаг халх угсаатны модон сийлбэртэй их найман ханатай “Ноён хутагтын өргөө” гэрээр оролцож байна.


Ноён хутагтын өргөөнд тус аймгийн харьяат, соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн уламжлагч хуур урлаач, морин хуурч Д.Уламбаярын урласан ширэн цартай, зандан модоор хийсэн, пийсүү чулуу, мөнгөөр чимэглэсэн боржгин хуур, өвлөн уламжлагч О.Энхзолбоогийн урласан хөөрөг, чулуун гоёлууд, Х.Урантогосын зүү ороосон даалин, номын баринтаг, Ж.Зоригтбаатарын хийсэн эврэн урлал, Д.Адьяахүүгийн урласан эсгий ширмэл, тэмээний ноосон эдлэл, эсгий тохош, Г.Гантулгын хийсэн суран эдлэл, мөнгөн тоногтой давхар хээгээр цохисон эмээл, мөнгөн хазаар хударга, ташуур зэрэг нутгийн өвлөн уламжлагчдын сор бүтээлийг олны хүртээл болгожээ.


Мөн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс "Барлах урлаг", "Монголын нэг өдөр" боловсролын хөтөлбөр, МССТ-ийн "Монгол гэр" боловсролын хөтөлбөрийг өдрийн турш зохион байгуулж байгаа юм.


Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол гэр” үзэсгэлэн тавдугаар сарын 12-ныг дуустал үргэлжилнэ.



Связанные новости