Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-05-08 10:00:12

БУЭНОС-АЙРЕС, 2024 оны тавдугаар сарын 8 /AFP/. Инфляцид нэрвэгдсэн Аргентин улс мягмар гарагт 11 доллартай тэнцэхүйц ханштай 10 мянган песогийн мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ. Энэ нь өмнөх хамгийн том дэвсгэрт болох 2000 песогийнхоос тав дахин өндөр мөнгөн дүнтэй юм.


Хүмүүс бэлэн мөнгийг бага хэмжээгээр авч явах боломжийг бүрдүүлэх энэхүү шинэ дэвсгэртийг мягмар гаргаас эхлэн банкууд, АТМ машинуудаас авах боломжтой гэж Өмнөд Америкийн тус улсын Төв банкнаас мэдэгджээ.


Аргентин улсад хүн амын тал хувь нь ядууралд өртөж, жилийн инфляц 290 хувьд хүрч, эдийн засгийн хурц хямралын ирмэг дээр ирээд байгаа юм. Нөхцөл байдал өөрчлөгдөх шинж ажиглагдахгүй байгаа тул энэ оны сүүлээр 20 мянган песогийн мөнгөн дэвсгэрт гаргана гэж Төв банк мэдэгдсэн байна.


2000 песогийн мөнгөн дэвсгэртийг ердөө жилийн өмнө гаргаж эхэлсэн нь тухайн үеийн хамгийн том мөнгөн дэвсгэрт болох 1000 песогийн мөнгөн тэмдэгтээс хоёр дахин өндөр мөнгөн дүнтэй байжээ. Харин өнөөдөр дундаж зэрэглэлийн зоогийн газарт оройн хоол идэхэд 15 ширхэг ийм дэвсгэрт хэрэгтэй болоод байна.


1980-аад онд 1 сая песогийн мөнгөн дэвсгэртийг гаргаж байсан Аргентинд том дүнтэй мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах нь гайхах зүйл биш ажээ.



Связанные новости