Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах талаар хэлэлцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-05 09:18:17

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сангийн яам, Төрийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албад хамтран “Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлгийг баасан гарагт зохион байгуулжээ.


Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэг болсон юм.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Гадаадын томоохон аж ахуйн нэгж байгууллагууд манай тендерт оролцоход тендерийн баталгааг цахимаар байршуулах зэрэгт хүндрэл үүсэж байна. Саяхан хот байгуулалттай холбоотой олон улсын зөвлөх үйлчилгээний тендер зарлахад тендерийн баталгааг цахимаар байршуулахтай холбоотой харилцаанаас шалтгаалж, материал дутуу гэх шалтгаанаар хамтарч ажиллах боломжгүй болсон. Энэ тендерийг гурав дахь удаагаа зарлаж байна. Энэ мэт жижиг боловч хүндрэл учруулж буй асуудлуудаа засах шаардлага байна” гэдгийг онцолсон юм.


Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул “18 жилийн дараа хуулиа шинэчилснээрээ өмнө нь гардаг байсан алдаа дутагдлыг зассан. Одоогоор хэрэгжүүлээд удаагүй учир туршлага, ойлголтын зөрүү гарч байгааг үгүйсгэхгүй”-г онцлоод, хэлэлцүүлгийн үеэр хууль хэрэглэгч байгууллагуудын төлөөллөөс гаргасан санал, асуултад тухай бүрд нь хариулав.


Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг “Нийслэл олон улсын нээлттэй тендерийг зарлахад системийн хэлний асуудал үүсэж байна. Маргаан гарахад манай улсын шүүхээр шийдэх үү, арбитрын шүүхээр явах уу гэдэг асуудал гарч байна. Гэрээнийхээ дүнг төгрөг, валют аль нь байх зэрэг анзааралгүй орхиж болохгүй зүйлстэй тулгарч байна” гэсэн юм.


Хэлэлцүүлэгт Улаанбаатар Төмөр зам ХНН, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Монгол  ХХК, МИАТ ТӨХК, АТГ, нийслэл дэх Төрийн аудитын газар, ШӨХТГ зэрэг 60 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.

Связанные новости