Монгол-Японы эмнэлэг цусны өвчнийг генийн эмчилгээгээр эмчлэх боломж бүрдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-01 17:21:38

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Гемофилийн дэлхийн өдрийг тохиолдуулан АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгт “Гемофили-генийн эмчилгээний төв"-ийг нээлээ.


Монгол Улсын хувьд оношилж эмчлүүлэх боломжгүй 26 өвчний жагсаалтын нэлээд тохиолдлыг ховор тохиолдох эмгэгүүд, тэр тусмаа төрөлхийн цус гоожимтгой эмгэгүүд эзэлдэг байна. Цус бүлэгнэлтэд оролцдог хүчин зүйлүүдийн төрөлхийн болон олдмол дутагдал, ялтсын тоо, үйл ажиллагааны алдагдлаас болж цус гоожимтгой болдог бүлэг эмгэгүүд багтана.


Энэхүү төвийг нээснээр Монголд эмчлэгддэггүй 26 өвчнөөс цусны өвчнийг генийн эмчилгээгээр эмчлэх боломжтой болж байна.


АШУҮИС-ийн ректор, Анагаах ухааны доктор, профессор Б.Дамдиндорж, “Генийн эмчилгээ дэлхийд дөнгөж эхэлж байна. Манай улсад Япон, баруун европ, АНУ-тай зэрэгцэн судалгаагаа эхлүүлээд явуулж байна. АШУҮИС болон Японы Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд хамтран генийн эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж байна. Энэхүү төвд гемофилийн өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эцэг эх, эмч мэргэжилтнүүдэд зөвлөмж, удамшлын болон гэр бүлийн зөвлөгөөг цогцоор нь үзүүлэх юм. Ингэснээр генийн эмчилгээний оношилгоо эмчилгээг Монгол Улсад нутагшуулах үүд хаалга нээгдэж байна” гэв.


Дэлхийн гемофилийн холбооны 2020 оны мэдээллээр, дэлхий дахинд цус гоожимтгой эмгэгтэй 400 мянга орчим өвчтөн байна. Манай улсын хэмжээнд нийт цус бүлэгнэлтын хүчин зүйлийн дутагдалтай 170 хүн бүртгэлтэй байгаагаас 50 гаруй нь хүүхэд байгаа аж.


АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Цус судлалын тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Ц.Одгэрэл хэлэхдээ, “Цус гоожимтгой, цус гоожих эмгэг ховор тохиолдох эмгэгт ордог. Цусны эмгэгтэй хүүхдүүд ЭХЭМҮТ-д, том хүн Улсын Нэгдүгээр төв эмнэлгээр үйлчлүүлдэг байсан бол Монгол, Японы эмнэлгийн “Гемофили-генийн эмчилгээний төв”-д оношилгоо эмчилгээг хийдэг боллоо. Ховор тохиолддог өвчин учир нэгдсэн төвд оношилгоо эмчилгээний цогц асуудлыг шийдэхгүй бол зөвхөн өвчтэй хүнийг эмчлэх, факторыг нь хангалтгүй нөхөх байдлаар явбал хүндрэлтэй юм. Тиймээс нэгдсэн бүртгэл хэрэгтэй. Энэхүү төв цус гоожимтгой өвчний оношилгоо, эмчилгээний асуудлыг олон улсын түвшинд бүрэн шийдэх юм.  “Гемофили-генийн эмчилгээний төв”-д 8, 9, 11 дүгээр фактор, цус бүлэгнэлийн эсрэг шинжилгээний аппарат суурилуулсан, ирэх долоо хоногоос бүлэгнэлийн шинжилгээг цогцоор нь хийх боломжтой болж байна. Цусны эмгэгийг зөвхөн оношлох биш эмчилгээг хянах, удам зүйн зөвлөгөө өгөх, сэргийлэх бүрэн боломж бүрдүүлж байна” гэв.


Гемофили нь цус алдах аюул юм. Гемофилитэй хүмүүс эрүүл хүмүүсийнхээс хурдан цус гоождоггүй ч тэд удаан хугацаанд цус алдахад хүрдэг. Тэдний цусанд цус бүлэгнэлийн фактор хангалттай байдаггүйн улмаас тэр юм. Бүлэгнүүлэгч фактор гэдэг нь цус алдалтыг хянадаг цусан дотор байдаг нэг төрлийн уураг юм. Гемофили нь нэн ховор тохиолддог өвчин юм. Ойролцоогоор 10 000 төрөлт тутмын нэг нь гемофилитэй төрдөг байна.









Связанные новости