Төсөв дээр төслийн менежмент үгүйлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-01 16:48:49

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нээлттэй нийгэм форумын төсвийн талаарх ээлжит хэлэлцүүлэг “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт” сэдвээр өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр дурдсан төсвийн хөрөнгийн санхүүжилт, хэрэгжүүлсэн төслийн тоон мэдээллийг танилцуулвал:

  • 2019 оноос эхлэн 1000 гаруй төслийг тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөдөг болсон байна,
  • 2017-2023 оны Төсвийн хуульд давхардсан тоогоор 7360 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байв.
  • Төсвийн хөрөнгө оруулалтаар 2017 онд 373 төсөл баталж байсан бол 2023 онд 1140 болж, төлөвлөсөн төсөл, барилга байгууламжийн тоо нэмэгдэж иржээ.

Дээрх тоон эх сурвалжийг "Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв" ТББ өнөөдөр мэдээлсэн юм.


Төсөвт тусгаагүй төслийг нэмж баталж байгаад шүүмжлэлттэй хандав.


Хэлэлцүүлэгт оролцсон зарим судлаач улсын төсөвт тусгаагүй хөрөнгө оруулалтын төслийг нэмж баталж байгаад шүүмжлэлттэй хандаж байв. Түүнчлэн төсөвт шинэ төслүүд хасагдаж, царцсан барилгуудыг тусгасан, мөн анхны төсөвт өртгөөсөө өндөр дүнгээр өссөн төслүүд байгааг хэлж байлаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр хэлэхдээ “Улсын салбарын санхүүгийн хувьд төслийн менежментийг манайд сайн мөрдөж, үүнийг төрийн захиргааны нэгж, салбарынхан сайтар ойлгох хэрэгтэй. Энэ бол тусгайлсан нарийн шинжлэх ухаан юм” гэдгийг тодотгосон юм.


Тэрбээр, төсвийн байгууллагууд том зорилт тавьж, тэндээ хүрэхийн тулд огт менежментгүй явж болохгүй. Энэ бол хамгийн үрэлгэн арга барил. Улсын төсөв хүүгүй учраас их мөнгө зарж, олон хүн ажиллуулаад энэ ажлыг хийе гэдэг. Гэтэл тэгэж болохгүй, бид төлөвлөсөн, төсөвлөсөн хөрөнгө мөнгөө маш оновчтой зарцуулах нь чухал юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлын дарааллаар эрэмбэлэх шаардлагатай. Ийм байдлаар бид төсөл хэрэгжүүлсэн бол олон жил царцсан бүтээн байгуулалт дээр асуудал гарахгүй байсан” хэмээн онцлон хэллээ. 

Связанные новости