Орон нутагт олгож буй ипотекийн зээл 15 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-01 09:26:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголбанк болон банкуудын эх үүсвэрээс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу энэ оны эхнээс 4 дүгээр сарын 19-ний байдлаар 291.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд олгожээ.


Үүнээс Улаанбаатар хотод 197.1 тэрбум төгрөгийг 1555 өрхөд, орон нутагт 94.6 тэрбум төгрөгийг 939 өрхөд олгосон байна.

Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохыг зорьж байгаа. Өмнөх 5 жилийн дунджаар хөтөлбөрийн нийт зээлийн 17 орчим хувийг нь орон нутагт байр худалдан авч буй өрхөд олгосон бол 2023, 2024 онд энэ үзүүлэлт 32 хувь болж нэмэгдсэнийг төв банк мэдээлэв.


Мөн Засгийн газрын 2023 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд тусгасны дагуу жилийн 3 хувийн хүүтэй зээлийг 2023 оны 4 дүгээр сараас олгож, энэ оны 4 дүгээр сарын 19-ний байдлаар 141.5 тэрбум төгрөгийн зээлийг 1.6 мянган өрхөд олгосон байна.


Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж, нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байгаа аж.


 

Связанные новости