ДОРНОГОВЬ: Политехник коллеж 20 гаруй мэргэжлээр 15000 орчим залуусыг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-04-30 14:26:09

Сайншанд, 2024 оны дөрөвдүгээр сарын 30  /МОНЦАМЭ/. БШУЯ-ны харьяа  Дорноговь аймаг дахь Политехник коллеж үндсэн үйл ажиллагаа болон ирэх хичээлийн жилд элсэлт авах мэргэжлийн ангиудыг иргэд, сурагчид, эцэг эхчүүдэд танилцуулах Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.


Тус коллеж тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, төмөр зам, хоол үйлдвэрлэл, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт, барилгын бүтэц угсралт, гагнуур, гар урлал, оёдол, барилгын шал, хананы засал чимэглэл, хэвлэлийн график дизайн зэрэг чиглэлээр гурван жилийн хугацаанд, төмөр замын мэргэжлээр нэг жилийн хугацаанд тус тус мэргэжил олгодог.


Үүнээс гадна СЭЗИС-тай 2019 онд шаталсан нээлттэй виртуал хөтөлбөрт төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулснаар оюутнууд суралцангаа, төгсөгчид ажиллангаа бизнесийн удирдлагын бакалавр, магистр, докторын боловсролын зэрэг хамгаалах өргөн боломж нээгдсэн байна.


Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтыг зохион байгуулж, барилга, техник, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийтийн хоолны салбарт олон зуун мэргэжилтэй ажилтныг бэлтгэн гаргаж, өдгөө мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэр хүндтэй сургуулиудын нэг болжээ.


Сургуулийн захиргаанаас түгээмэл мэргэжил болон үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр бодлого барьж, эрэлт хэрэгцээг судлан ажилласны үр дүнд хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, үйлчилгээний чиглэлийн 20 гаруй мэргэжлээр 15000 орчим  залуусыг мэргэжилтэй ажилтан болгон төгсгөжээ.


Тус сургуулийн оюутнууд сар бүрийн 200.000 төгрөгийн тэтгэлэгтэй бөгөөд үүнийг төгсөхдөө дансандаа нийт дүнгээр хүлээн авдаг байна. 

Связанные новости