Б.Амарзаяа олимпын эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-30 10:20:10

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Туялзуур сэлэмний төрлөөр Парис-2024 олимпын эрх олгох Ази, далайн орнуудын бүсийн тэмцээн АНЭУ-д болж өндөрлөлөө.


Эл тэмцээнд Монголоос Ц.Жигжидсүрэн, Б.Амарзаяа нар хүч сорьсон юм. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд өрсөлдсөн Б.Амарзаяа хэсгийн шатнаа нийт зургаан тулаан хийснээс Малайз, Кувейт, Эмират, Хятадын Тайвань, Ираны сэлэмчдийг буулган авч чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэв. Улмаар хасагдах шатнаа Иорданы тамирчныг 15:14, шөвгийн наймд дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчныг 15:9-өөр буулган авснаар хагас шигшээд шалгарсан юм.


Харин хагас шигшээд Токио-2020 олимпын эрхийн тэмцээний аварга Сингапурын тамирчинтай энэ тэнцүү тулалдсан ч, ялагчийн хувь заяа хоёр онооны зөрүүгээр эсрэг талд шийдэгдлээ. Ингэснээр Б.Амарзаяа олимпын эрхээ авч чадсангүй. Тэрбээр олимпын эрх олгох Ази, далайн орнуудын бүсийн тэмцээнээс хоёр дахиа хүрэл медаль хүртсэн нь энэ.


Харин манай тамирчныг ялсан Сингапурын Абдул Рахман түрүүлж, Парис руу нисэх тийзээ захиалав.




Связанные новости