Хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-25 21:05:11

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камеронтой албан ёсны хэлэлцээ хийв.


Албан ёсны хэлэлцээний үеэр талууд өнгөрсөн 60 жилийн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах, харилцааны түвшнийг ахиулах, бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө байгааг нотолсон юм. Мөн хоёр орны харилцааны талаар дэлгэрэнгүй ярилцаж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал, геологи зэрэг  салбарт өргөжүүлэхээр тохиролцлоо.


Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” -д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтуудын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.


Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон нар “Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглал”-д гарын үсэг зурлаа.




Связанные новости