Монгол Улсын ардчиллын 34 жилийн замналын алдаа оноог хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-25 19:56:59

Улаанбаатар 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ардчилсан нам, Олон улсын Ардчилсан холбоо /IDU/-ноос хамтран зохион байгуулсан “Монгол Улс-Ардчиллын Баянбүрд” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.


Ардчилсан намын дарга Л.Гантөмөр уг бага хурлыг нээж хэлсэн үгэндээ 1990 оны Ардчилсан хувьсгалаар анхлан Монгол Улсад бүрэлдэн бий болсон ардчилсан тогтолцоо өнгөрсөн 34 жилийн хугацаанд асар олон сорилт бэрхшээлийг даван туулсаар өнөөдөртэй золгосон болохыг онцолсны зэрэгцээ энэхүү бага хурлыг эх орондоо зохион байгуулж буй нь Ардчилсан намын, цаашлаад Монгол Улсын  нэр хүндтэй салшгүй холбоотой томоохон үйл явдал болж байна хэмээв. 


Манай улсад анх удаа зохион байгуулсан тус бага хурлаар ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт сургамж, ирээдүйн талаар хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн нэг чухал сэдэв нь Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх явдал байв. “Монголд тулгамдаж буй зах зээлийн эдийн засгийн хүндрэлүүд ба гарц” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр оролцогчид эдийн засгийн өсөлтийн цаана ёс суртахуун, ёс зүй байх ёстой. Түүнгүйгээр бид эдийн засгийн өсөлтийн тухай ярих боломжгүй. Өөрөөр хэлбэл, ардчилалд ээлгүй эдийн засаг, төсвийн бодлогыг хэрэгжүүлж байна. Тиймээс бидний өнөөдрийн бүтээсэн эдийн засгийн тогтолцоонд шударга ёс, хүртээмжтэй байдал зэрэг агуулга тусаж чадсан уу гэсэн асуудлыг ярих зайлшгүй шаардлага тулгараад байгааг онцоллоо.


Бага хурлын хүндэт зочноор Олон улсын Ардчилсан холбооны даргын бие төлөөлөгч, Канадын Парламентын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Тони Клемент, Олон улсын Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив намын Гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид болон Монгол Улс дахь гадаад орнуудын ЭСЯ-дын төлөөлөл оролцов. 




Связанные новости