Төвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-24 11:37:31

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийн хөл бөмбөгийн “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг энэ сарын 21,22-ны өдрүүдэд Зуунмод хотноо зохион байгууллаа. Тэмцээнд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь аймгийн ЕБС-ийн 15 баг, 198 өсвөрийн тамирчин сурагчид оролцсон юм.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нийтийн хөлбөмбөг” дэд хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байна. Дэд хөтөлбөрт тусгасны дагуу “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулж байгаа юм.

 

Тэмцээнд хөвгүүд U12, U14, U16, охид U12, U14 насны ангилалд багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж аваргуудаа тодрууллаа.

 

Тэмцээний U12 насны охидын ангилалд тэргүүн байрт Дундговь аймгийн Говийн Ирээдүй сургууль, дэд байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль, гутгаар байрт Дархан-Уул аймгийн 4-р сургууль шалгарав.

 

U12 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрт Дархан-Уул аймгийн 18-р сургууль, дэд байрт Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль, гутгаар байрт Сэлэнгэ аймгийн СБ-1-р сургууль шалгарлаа.

 

U14 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Од сургууль, дэд байрыг Төв аймгийн Хүмүүн Цогцолбор сургууль, гутгаар байрыг Сэлэнгэ аймгийн Мандал 3-р сургууль эзлэв.

 

U16 насны хөвгүүдийн ангилалд тэргүүн байрыг Дархан-Уул аймгийн Оюуны ундраа сургууль, дэд байрыг Сэлэнгэ аймгийн Мандал 3-р сургууль, гутгаар байрыг Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль тус тус эзэллээ.

 

МХБХ-ны ерөнхийлөгч М.Болдоос тус тэмцээний талаар тодруулахад, “Энэхүү тэмцээн нь хүүхдүүдийг багаас хөл бөмбөгийн спорттой танилцуулах, мэргэжлийн хөл бөмбөгийн суурийг тавьж, элит багийг бүрдүүлэх эхлэл болж байгаа явдал юм” гэв.

 

Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулийн багийн тамирчин Г.Амаржаргал, “Сэтгэгдэл маш сайхан байна. Бага байхдаа би их удаан хөдөлгөөнтэй байсан хэдий ч энэхүү спортоор хичээллэснээс хойш маш их эрч хүчтэй болсон. Сандрал бага байгаа, цаашдаа ч улам их шаргуу хичээллэх зорилготой байна” гэв.

 

Связанные новости