Малын сэг зэм устгах ажлыг 4-р сард багтаан дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 14:39:03

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комисоос хаваржилтын нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулав.


Шинэчилсэн дүнгээр хорогдсон малын тоо 6.8 саяд хүрсэн бөгөөд малын сэг зэмийг устгах ажил 17 хувьтай яваа аж. Энэ ажлыг 5 дугаар сарын 1-ний дотор дуусгахын тулд ажлын хэсгийг аймгууд руу томилжээ. Мөн зэвсэгт хүчний алба хаагчдыг энэ ажилд дайчилж байгааг албаныхан хэллээ.


Шадар сайд С.Амарсайхан ярихдаа, “Эрсдэлийн тайлангаас үзвэл нийт мал сүргийн 14.9 сая буюу 23.9 хувь нь хорогдож болзошгүй байсан ч 6.8 сая буюу 1.5 дахин бага хорогдлоо. Өнгөрсөн 7 дугаар сараас анхааруулга өгч байсны үр дүнд хорогдлын тоо ийнхүү цөөрсөн байна. Гэхдээ тайвшрах зүйл биш. Нийгмийн сөрөг үр дагавруудыг бууруулах, нөхөн сэргээх ажил хийнэ. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн тогтолцоо, системийн шинэчлэлтийг хийх, малчдын уялдаа холбоог хангах, шаардлагатай төсөв санхүүг батлах, зээл олгох, малчдад санхүүгийн дарамтгүй байлгах боломж нөхцөлийг УИХ-аар хэлэлцэж байна” гэв.


Тэгвэл Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Засгийн газар, хүмүүнлэгийн байгууллагын хамтын ажиллагаа сайн байлаа. Гамшгийн өндөржүүлсэн байдал зарласан нь бүх нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэсэн. АНУ, Нидерланд, Тайландын төлөөлөгчид, шинжээчид ажиллаж байна. Бидний үзүүлсэн тусламж эзэндээ хүрсэн үү, нэмэр болсон уу гэдгийг судалж байгаа. Зургаадугаар сараас малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр ажиллана. Улаан загалмайн нийгэмлэг 11 мянга гаруй өрхөд 5.2 тэрбум төгрөгтэй тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг Монголд туслах аяныг өрнүүлж байна. 50 хувиас дээш малаа алдсан айл өрхүүдэд туслах аяныг Засгийн газартай хамтран эхлүүлнэ” хэмээн ярилаа.




Связанные новости