ХОВД: Энэ онд шагайн харвааны төрлөөр 10 орчим тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-15 17:26:00

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Шагайн харвааны холбоо нь 2024 онд 10 орчим тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Үүний үр дүнд шагайн харвааг сонирхогчдын тоо нэмэгдэж, орон нутгийн харваачдын ур чадвар тодорхой түвшинд хөгжих, харилцан туршлага солилцох боломж бүрдэнэ.   

Насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн шагайн харваа тэмцээн дөрөвдүгээр сарын 13-нд боллоо. Уг тэмцээн нь он гарсаар шагайн харвааны төрлөөр зохион байгуулж буй гурав дахь удаагийнх юм.   

Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн гоц мэргэн Т.Билгүүн, Д.Давхарбаяр нарын нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтой.   

Тэмцээнд 100 гаруй харваач оролцсоноос 40 орчим нь аймгийн гоц мэргэн цолтой байв. 

Тэмцээний ганцаарчилсан төрөлд аймгийн гоц мэргэн М.Энхжаргал, Н.Мөнхбадрал, Ш.Мөнхбаяр нар манлайллаа. Харин багийн төрөлд Шонхрууд, Мөнгөн аргаа, Хос алтай багийн харваачид эхний гурван байрт шалгарч, шагналаа гардан авчээ. 


Связанные новости