Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-12 15:11:25

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. СЗХ, МҮХАҮТ хамтран “Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийн үеэр ТОП-100 компанийг хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд гаргахад тулгарч буй асуудал, түүнийг шийдэх арга зам, нээлттэй компани болохын давуу тал, ач холбогдол, IPO хийх үйл явц, дараалал, компанийн засаглалын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр мэдээлэл өгөв.


СЗХ-ны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ “СЗХ, МҮХАҮТ хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх хөтөлбөрийг өнгөрсөн онд баталсан. Компаниуд IPO хийх, бонд гаргахад тавих нөхцөл шаардлагыг багасгаж, үнэт цаас гаргахыг хялбаршуулах, оролцоог нь нэмж, холбогдох дүрэм, журамд зохих өөрчлөлт оруулан бодлогын чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулаад байна. Хөрөнгийн зах зээлд 2023 онд дотоодын 7 компани IPO хийж, 338.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бол 6 компани 107.5 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргасан. Мөн биржийн бус зах зээл дээр 93 компани 151 компанийн бонд гаргаж, 1.74 их наяд төгрөгийг татан төвлөрүүлсэн юм. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, Банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг арга хэмжээ авснаар сүүлийн 4 жилд санхүүгийн 80 гаруй шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 11.65 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.69 дахин өссөн. Манай улсын хөрөнгийн зах зээлд эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах, хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна" гэдгийг онцолсон юм.


Энэ үеэр хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, компаниудыг хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого зохицуулалт, бизнес дэх үе шилжилт, IPO хийсэн компаниудын төлөөллөөс нээлттэй компани болсноор гарах үр дүн, ач холбогдол, компанийн засаглалын кодекс, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгчээ. 

Связанные новости