Аж ахуй нэгжүүдийн төлсөн татвараас 68 тэрбум төгрөгийг буцаан олгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-12 11:12:31

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2023 оны буцаан олголтоор 68.6 тэрбум төгрөгийг ААН-үүдэд өнөөдрөөс шилжүүлж байна.


Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор УИХ-аас 2019 онд баталсан Татварын багц хуулийн шинэчлэлээр татвар төлөгчдөд олон давуу талыг бий болгосны нэг нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ААНОАТ-ыг нэг хувиар төлдөг болсон. Тодруулбал, 300 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж шууд нэг хувиар татвар төлнө гэсэн үг.


300 саяас 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 10 хувиар татвараа төлөөд, төлсөн татварынхаа 90 хувийг буцаан авдаг болсон. Мөн алсын зайн хөнгөлөлт, тусгайлан дэмжих салбарт үйл ажиллагаа явуулсны хөнгөлөлт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажил олгосны хөнгөлөлт зэрэг бусад хөнгөлөлтүүдийг татвар төлөгчид эдэлж байна.


Буцаан олголт авах татвар төлөгчдийн тоо, буцаан авах дүн жил бүр өсөж байгаа нь татвар төлөгчдийн хуулийн мэдлэг сайжирч, татварын хууль тогтоомжийн мөрдөлт сайжирч буйтай холбоотой ажээ.



Связанные новости