ДУНДГОВЬ: Он гарсаар цахим залилангийн 28 гомдол мэдээлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-12 10:29:55
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 12  /МОНЦАМЭ/. Улс орон даяар зохион байгуулж буй “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024" аяны хүрээнд “Санхүүгийн луйвар, цахим гэмт хэргийн гаралт, түүнээс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг Дундговь аймаг дахь Монгол банкны салбар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран зохион байгуулж, тус салбар зөвлөлийн гишүүд, Насан туршийн суралцахуйн төв, Цагдаагийн газар, арилжааны 3 банк, банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн хоршоо гээд хөрөнгө, санхүүгийн салбарын төлөөлөл оролцжээ.


“Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аян “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор 3 дугаар сарын 20-нд эхэлсэн ба тус аяны хүрээнд Дундговь аймагт мөнгөө эрсдэлээс хамгаалах болон санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, цахим гэмт хэрэг, залилангаас сэргийлэх сурталчилгаа хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.


2024 оны нэгдүгээр улиралд тус аймгийн Цагдаагийн газарт цахим залилангийн 28 гомдол мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн илрүүлэлт 28,6 хувьтай байгааг Цагдаагийн газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Э.Бадмаанямбуу мэдээлж, иргэд хүүтэй мөнгө зээлэх, гуйвуулах, тусламжийн бараа явуулах, цахим худалдаа хийх зэрэгт итгэж, гэмт хэргийн золиос болох тохиолдол байгааг тэрбээр онцолсон.  


Тус хэлэлцүүлгийн үр дүнд иргэд олон нийт, хүүхэд залуучуудыг санхүүгийн луйвар, цахим залиланд өртөхөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх боломжийг тодорхойлон цаашид энэ чиглэлээр төрийн болон банк, санхүүгийн байгууллагууд хэрхэн хамтарч ажиллах тухай шийдвэр гаргах түвшинд хэлэлцэх юм. 



Связанные новости