Ангийнхаа хүүхдүүдийг хөнөөсөн хүүгийн эцэг эхэд ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-04-10 16:43:14

ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /VOA/. АНУ-ын Мичиган муж улсад 2021 онд сургууль дээрээ гар буу биедээ авч очиж, ангийнхаа дөрвөн хүүхдийг хөнөөсөн өсвөр насны хүүгийн эцэг эхэд "эмгэнэлт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй" гэх үндэслэлээр 10-аас дээш жилийн хорих ял сонсжээ.


Мичиган муж улсын Оксфорд хотын ахлах сургуульд тухайн үед 15 настай байсан хүүгийнхээ үйлдсэн хэргийн төлөө энэ оны эхээр шүүгдэж байсан Женнифер Крамбли, Жеймс Крамбли нарт "хүний амь насыг санамсаргүй байдлаар хөнөөсөн" хэргээр ял оноосон байна. Тухайн үед хэргийн газарт долоон хүн шархаджээ.


Ингэснээр тэд хүүхдийнхээ үйлдсэн хэргийн төлөө АНУ-д анх удаа ял сонссон эцэг эхчүүд боллоо. Өнгөрсөн оны сүүлчээр 17 настай Этан Крамбли хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн зэрэг 24 зүйл ангиар бүх насаараа хоригдох ял сонссон юм.


Шүүгч Шерил Мэттьюс мягмар гарагт хэлэхдээ, эцэг эхэд оноосон шийтгэл нь хүүхдээ зохих ёсоор өсгөж хүмүүжүүлээгүйтэй холбоотой бус харин “учир мэдэх хүний айдсыг төрүүлэхээр зүйлсийг үл тоомсорлосонтой” холбоотой гэж мэдэгджээ.


Гар буу ба шархадсан хүнийг харуулсан зургийг хүү нь зурсан байсан тул эцэг эхийг нь сургууль дээр дуудан уулзаж байсан тэр өдөр дээрх хэрэг гарсан байна.  Этан гэрт нь ил байсан бууг биедээ авч явааг эцэг эх нь мэдээгүй байжээ.

Связанные новости