БУЛГАН: Алтаргана наадмын тохижилт үйлчилгээ хариуцсан салбар хороо хуралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-03 20:32:11

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн "Алтаргана-2024“ олон улсын XV их наадмыг 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймгийн Булган суманд зохион байгуулах болсонтой холбоотойгоор Тохижилт үйлчилгээ хариуцсан салбар хороо өнөөдөр хуралдаж, Булган суманд тохижилт үйлчилгээний чиглэлээр хийх ажлын талаар санал солилцлоо.


Өмнөх Алтаргана наадмыг ОХУ-ын Чита хотод зохион байгуулж, 80 мянган буриад үндэстэн, жуулчид, хэвлэл мэдээллийнхэн цуглаж тэндээс Булган аймаг дэлхийн "Алтаргана -2024" наадмыг зохион байгуулах эрхээ авсан байна.

Энэ наадамд дэлхийн 40 мянга орчим буриад үндэстэн, гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн цуглана гэж тооцоолж байна.


Салбар хорооны хурлын саналаар нэн тэргүүнд бие засах газрын асуудлыг шийдвэрлэх, дараа нь цэвэр ус, цахилгаан, зам тээврийн асуудлууд эрэмбэлэгдэж Хот тохижилт, Булган АЗЗА зам засвар, Булган Мээж ус дулаан, Булган цахилгаан эрчим хүч гэх мэт чиглэлийн салбарууд хариуцан ажиллахаар боллоо.


Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, төв гудамжны зохион байгуулалт, өнгө төрх, замын нэвтрүүлэх чадвар зэргийг нэмэгдүүлэн ажиллахаар санал дэвшүүлж, төсвөө гаргахаар болов.     

   

Мөн хүнсний аюулгүй байдал хангасан үйлчилгээ, цэвэр найдвартай такси үйлчилгээ, төв замаар нэгдсэн автобуснууд явуулах, Агуйтын гозгорын бэлд хээрийн кэмпийг 70 га газар барих зэрэг асуудлыг хөндөж, цаашид хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Связанные новости