БАЯНХОНГОР: Шаргалжуут рашаан 4, 5, 9 дүгээр сард хамгийн өндөр идэвхжилтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-28 15:27:07

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хавар 4, 5 дугаар сар, намар есдүгээр сард рашааны идэвхжил хамгийн өндөр түвшинд байдаг бөгөөд хамар, залгиур, ургамал, тоосонцрын харшилт өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх эмчилгээнүүдийн нэг болох Шаргалжуут рашааны утлагын эмчилгээг зорих иргэдийн тоо нэмэгддэг байна.

Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой. Халууны хэмжээ их, сул эрдэсжилттэй рашааны онцлог нь биеийн дулааныг дээшлүүлж, үрэвслийг түргэн илааршуулах, үе, булчин, ясны зэрэг архаг өвчнийг засахад илүү тохиромжтой байдаг байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихсэх өвчний дээд шат, зүрхний өвчний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй.


Шаргалжуут рашаан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Улаанбаатар хотоос 630 км зайтай оршдог ба 572 км засмал замаар 58 км сайжруулсан шороон замаар явж хүрнэ. Аймгийн төвөөс 60 км зайтай. Рашаан сувилал далайн түвшнээс дээш 1492 метр өндөрт Шаргалжуут голын дэргэд байрладаг ба энэ гайхамшигт рашаан нь 108 төрлийн өвчнийг анагаах чадвартай, 108 төрлийн халуун, хүйтэн рашаануудаас бүрддэг. Эдгээрийн хамгийн халуун нь +96 хэмийн халуун байдаг байна.



Шаргалжуутын гол руу түрж орсон Хатад хэмээх толгойн энгэрт байх боржин чулуунууд дундаас оргилон урсах халууны хэмжээгээр өөр хоорондоо ялгаатай рашаан ундаргатай тус рашаан нь геотехникийн идэвхжлийн дулааны үйлдэлтэй холбоотойгоор гүний усны хөдөлгөөн, хүчтэй даралт, халуун, хүйтний орчинд тогтож боржин чулууны ан цаваар ундарч буй байгалийн нэгэн унаган төрхийг бодит байдлаар харуулсан өвөрмөц тогтоцтой.


Шаргалжуутын рашаан бүр нь хүний биеийн эрхтнүүдийг зориуд урлан тавьсан мэт хэлбэр дүрстэй хад чулуун дундаас оргилон гардаг нь сонин. Тухайлбал, хоолойн өвчнийг анагаах рашаан гэхэд хүний хоолойн хэлбэр дүрстэй хаднаас, шүдний рашаан гэхэд шүдний хэлбэр дүрс бүхий хаднаас оргилон гарч байдаг нь байгалийн сонин хачин гайхамшгийн нэг юм.


Түргэн урсгалт уулын гол Шаргалжуут нь өвөл ч урсаж байдаг Монгол орны хөлддөггүй ганц гол. Тухайн бүс нутаг рашаан усаараа, сарлагийн сүрэг, сарлагийн сүү, цагаан идээ, галт уулын чулуу, ан амьтнаараа алдартай, өвөрмөц микро уур амьсгал, өвлийн -40С хэмийн хүйтэнд урсаж байдаг гол, олон төрөл зүйлийн эмчилгээ сувилгаа, байгалийн ховор, сонин тогтоц, анагаах онцгой чанартай рашаанаараа алдартай.

Шаргалжуут рашаан сувиллыг зорих гэж буй уншигчдад тухайн бүс нутгийн аяллын маршрутыг танилцуулж байна. Доорх маршрутын дагуу Баянхонгор аймгийн хангайн бүсийн аялал жуулчлалын түшиц газруудтай танилцах боломжтой.



Связанные новости