ЗАВХАН: Яаралтай тусламжийн төвд ирж буй дуудлагын 70 гаруй хувь нь цусны даралт ихэссэн дуудлага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-25 17:34:25

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирж буй дуудлагын 70 гаруй хувь нь цусны даралт ихэссэн гэсэн дуудлага байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид зүрх судасны тогтолцооны өвчлөл 10000 хүн ам тутамд 2806 тохиолдол бүртгэгдсэн нь улс, аймгуудын дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт байна.


Тиймээс цусны даралт ихсэх өвчинтэй холбоотойгоор иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, тэдэнд энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг өгөх ажлыг эрчимтэй хийж байна. 

Тодруулбал, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог 5100 гаруй иргэнд хийж, зөвлөгөө мэдээлэл өгчээ.  


Мөн артерийн даралт ихсэлтийн оношилгоог харвалт шигдээсийн эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалын дагуу 3700 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.


Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар иргэдэд хөдөлгөөн засал чиглэлээр болон цусны даралтаа хэрхэн яаж зөв хэмжих, анхаарах асуудалд бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа иргэдэд давхар зааж мэдээлэл өгч байна.


Цусны даралт ихсэлт өвчнийг тоохгүй орхисноос, мэдэхгүйгээсээ болж иргэд олон өвчний эрсдэлд орж байна. Уг нь цусны даралт ихсэлтийн өвчнийг иргэд өөрсдөө хянах боломжтой юм гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.


Ташрамд, өнгөрсөн онд “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2023” үйл ажиллагааг Завхан аймагт явуулжээ. 2023 онд улсын хэмжээнд дөрвөн аймагт тус аяныг хэрэгжүүлсэн байна. 

Связанные новости