Жасмин Пэрис: Бүх эмэгтэйд урам зориг өгөх гэж хамгийн хэцүү уралдаанд оролцсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
Jargal.d@montsame.mn
2024-03-25 16:56:55

ЛОНДОН, 2024 оны гуравдугаар сарын 25 /BBC/. Шотландын гүйгч бүсгүй Жасмин Пэрис АНУ-ын Теннесси муж улсын Баркли марафоны замыг 1989 онд 100 бээр /160.934 км/ болгон сунгаснаас хойш уг замыг дуустал гүйсэн 20 хүний нэг боллоо. Дэлхийн хамгийн хэцүү уралдааныг дуусгасан анхны гүйгч эмэгтэй болсон тэрбээр энэ бүхнийг дэлхийн бүх эмэгтэйн төлөө хийсэн хэмээн мэдэгджээ. 


Өдгөө 40 настай Ж.Пэрис 60 цагт багтаж туулах ёстой замыг хаахаас өмнө 99 секунд дутуу байх үед өнгөрсөн баасан гарагт барианд орсон байна. Шотландын Мидлотиан хотоос ирсэн тэрээр өөрийгөө сорьж, бусдад урам зориг өгөхийг хүсжээ. “Гурван жилийн турш хичээсний эцэст зорьсон зүйлдээ хүрсэндээ үнэхээр баяртай байна. Би үүнийг зөвхөн гүйгч гэлтгүй сорилт бэрхшээлийг даван туулахыг хүсэж байгаа, магадгүй өөртөө итгэлгүй байгаа эмэгтэйчүүдэд зориулж хийсэндээ баяртай байна” гэж тэрбээр ярьжээ.  


Фрозен-Хед үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жил бүр зохиодог энэхүү марафоны зам нь 18 мянган метр өгсүүр болон уруу газруудтай тус бүр 32 км урт таван тойрогтой ажээ. 


Түүхэн уралдааныг дуусгасныхаа дараа Жасмин дараа дараагийн уралдаануудад өөрийгөө сорих зорилт тавьжээ. Гүйгч бүсгүй тавдугаар сарын 17-нд Шотландын арлуудын оргил өөд гарах уралдаан, мөн есдүгээр сард Италид болох "Тор дес Геантс" тэмцээнд оролцох зорилго тавиад байна.
Связанные новости