С.Алтансүх: Яаралтай тусламжийн үйлчилгээг шуурхай хүргэхэд зөв зохион байгуулалт маш чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-03-18 18:18:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦМЭ/. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн тэргүүн С.Алтансүхийг Эрдэнэт хотод ажиллах үеэр ярилцлаа.


-Яаралтай тусламжийн үйлчилгээ олон улсад хэрхэн хөгжиж байгаагаас ярилцлагаа эхэлье.  

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээг эмнэлэг дотор болон гаднах гэж ангилдаг. Үүнээс гаднах тусламж их өргөн хүрээтэй. Яаралтай тусламж гэдэг бол богино хугацаанд өвчтөнд хариу үйлдэл үзүүлж, шуурхай тээвэрлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийг хэлдэг. Олон улсад 5-10 минутаас хэтрэхгүйгээр өвчтөнд хариу үйлдэл үзүүлсэн байх ёстой байдаг.

Хөгжингүй улсад яаралтай тусламж үйлчилгээ нь бүр тогтолцоо болтлоо хөгжсөн. Нэгдсэн удирдлагатай, зөв зохион байгуулалттай байдаг. Онцгой байдал, Цагдаагийн газрыг хүн ам төвлөрсөн газарт байршуулдаг шиг яаралтай тусламжийг мөн тараан байршуулж нэгдсэн удирдлагаар удирдаж ажилладаг. Иргэнээс ирсэн дуудлагыг эрэмбэлж хамгийн ойр тусламжийн төв рүү мэдээллийг нь илгээж аль эмнэлэгт шилжүүлэх вэ гэдгийг 5 минутын хугацаанд шийдэж амийг нь аврах тогтолцоог бүрдүүлсэн байдаг.

Яаралтай тусламжийн үйлчилгээний машин нь “ТҮЦ” шиг энд, тэндгүй байрлаж эхний мэдээллийг аваад шуурхай очиж ажиллаж байна. Энэ нь эмнэлэг хүртэлх үйлчилгээг сайн зохион байгуулсан төрийн зохицуулалтай нь холбоотой юм.

Нөгөө талаас, олон улсад иргэдээ анхны тусламж үзүүлэх чадварт сургасан байна. Жишээ нь хүний зүрх зогсоход таван минутын хугацаа үлдсэн гэж үзвэл өвчтөний дэргэд байгаа хэн нэгэн анхны тусламжийг зөв үзүүлж, эмнэлгийн тусламж иртэл “аргалж” байхыг хичээл, сургуулиар нь дамжуулж заасан байдаг. Тэд багаасаа үүнд бэлтгэгддэг гэсэн үг.

Харин Монголд яаралтай тусламжийн үйлчилгээний хариу үйлдэл үзүүлэх хугацаа 30 минут байна. Энэ нь замын түгжрэлээс гадна яаралтай тусламжийн зохион байгуулалт муу байгаатай холбоотой юм.

 

-Олон улсад яаралтай тусламжийг зөвхөн эмнэлгийн байгууллага үзүүлэх бус иргэний оролцоо чухал гэж та хэлж байна уу?

-Тийм ээ. Олон улсад “Амилуулах тусламжийн холбоо” гэж байдаг. Тэр холбооноос жил бүр зөвлөмж гаргадаг. Үүнийг иргэн бүр хэрэгжүүлэх боломжтойгоор маш энгийн бичсэн байдаг. 2020 оны зөвлөмжид “Харах, сонсох, чагнах”-ыг уриалсан байдаг. Өөрөөр хэлбэл, ухаан алдсан буюу тусламж шаардлагатай иргэний цээжийг эхлээд хар гэж зөвлөдөг. Ингээд цээж төвхөлзөж байгаа эсэхийг хурдан хараад шууд цээжийг нь шахаж эхэл гэж зөвлөдөг. Хүний зүрх зогсоход ердөө таван минут шаардагдах бол та маш хурдан цээжийг нь шахах хэрэгтэй гэсэн үг. Тухайн өвчтөн ухаан алдаад унангуут зүрх зогсож уу, үгүй юу гэдгийг шалгаж цаг алдах хэрэггүй бас гаднаас тусламж дуудах гэж удах хэрэггүй, утсаар дуудлага хийх гэж сандрах хэрэггүй, шууд цээжийг нь шахаж хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй.


Танд энэ хүнийг аврах таван минутын боломж бийг ухамсарлах хэрэгтэй гэдгийг олон улсад зааж сургаж байна. Та эмч биш ч “Амилуулах тусламжийн зөвлөмж”-ийг дагах хэрэгтэй болно.


Мөн хүмүүс сандрахаараа тусламж дуудах гээд тухайн өвчтөнийг орхиод гарчихдаг. Тэгвэл та утсаараа дуудлага хий, мэргэжлийн байгууллагатай холбогд, утсаа спикер дээр нь тавь, зааврын дагуу ажилла. Ингэж байж хүний амийг аварна гэдгийг ойлгуулдаг.

Зүрх нь зогсоод нас барж байгаа хүний 80 хувь нь эмнэлгийн гадна орчинд байдаг. Эмнэлэгт ердөө 20 хувь байгаа биз дээ. Иймд эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээ гэдэг бол зөв зохион байгуулалтыг л хэлээд байгаа юм. Олон улсын “Амилуулах тусламжийн холбоо”-ноос гаргасан 2024 оны зөвлөмж 2020 оныхоос илүү энгийн  байх жишээтэй. Та өвчтөний мөрийг сэгсэр, амьсгалахгүй бол цээжийг нь шах л гэсэн зөвлөмж юм. Танд “оногдсон” таван минутыг эмнэлгийн тусламж иртэл 25 минут болгох боломж бийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь Австрали улсад амилуулах тусламжийн үйлчилгээний 40 цагийн хичээлд хамрагдаагүй бол ажилд авдаггүй.


-Монголд яаралтай тусламжийн үйлчилгээг зөвхөн эрүүл мэндийн байгууллага л хариуцах ёстой гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр үүнийг өөрчлөх хэрэгтэй болох нь ээ?

-Нөгөө жишээн дээрээ ярья. Хэн нэгний зүрх нь зогсоход ердөө таван минутын хугацаа үлдсэн бол энэ нь эмчид ч тэр, хажууд нь байгаа найз нөхдийнх нь ч тэр аль, алинд нь ижил хугацаа юм. Тэгэхээр ухаан алдан унасан хүний дэргэд байгаа хэн нэгэн тэр 5 минутыг зөв ашиглах хэрэгтэй. Эмч 5 давхар луу шатаар өгсөөд өвчтөнд тусламж үзүүлэх хүртэл тодорхой хугацаа алдана. Харин үүний оронд хажууд нь байгаа хэн нэгэн утсаар ч хамаагүй зөвлөгөө аваад амийг нь аврах алхмаа хийх хэрэгтэй. Бурхан бидэнд бүгдэд нь адилхан 5 минут өгснийг ойлгоорой.

Хоёрт, тухайн орон нутаг “Аюулгүй хот” байх ёстой. Хотын дарга нь хүн ардаа зуурдаар нас баруулчихгүйн тулд яаралтай тусламжийн үйлчилгээний зохион байгуулалтыг сайн төлөвлөх хэрэгтэй юм. Яаралтай тусламжийн дуудлагыг эхлээд эрэмбэлж хааш нь шилжүүлэх вэ гэдгийг шийдвэрлэх нь чухал гээд олон асуудал бий.


Олон улсад гэмтлээс үүдэлтэй нас баралтын 52 хувь нь 3-4 минутын хугацаанд газар дээрээ нас бардаг гэсэн судалгаа бий. Иймд хажууд нь байгаа хүн амилуулах тусламжийг үзүүлж чаддаг хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгч байна.  


Энэ яаралтай тусламжийн үйлчилгээг гэмтлийн эмч Марк Шон гэдэг анх эмнэлэгт нэвтрүүлсэн юм. Тэрээр гэр бүлээрээ осолд орох үед яаралтай тусламжийг эмч нар  буруу үзүүлж байгааг хараад үүнийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх болон хүн бүр амилуулах тусламжийн чадварыг эзэмших хэрэгтэйг ойлгосон гэдэг. Эндээс дэлхий нийтээрээ яаралтай тусламжийн үйлчилгээг ярьж эхэлсэн.  

АНУ-д яаралтай тусламжийн дуудлагын 911 гэсэн ганц дугаар бий. Үүнд нь ОБГ, Эмнэлэг, Цагдаа нь багтдаг. Яаралтай дуудлагыг эхлээд эрэмбэлээд аль байгууллага руу нь шилжүүлэхээ шийддэг. Үүнтэй адил Монголд 112 гэсэн дугаар бий болгохоор ярьж байна. Гэхдээ дуудлагын дагуу эрэмбэлэх, хуваарилах, тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэгдсэн зохион байгуулалт, тогтолцоо хэрэгтэй. Мөн технологийн дэвшлийг ашиглаж тусламж үйлчилгээг шуурхай хүргэх нь чухал юм. Иймд Монголд яаралтай тусламжийн үйлчилгээг иргэд олон нийтэд эхлээд зөв ойлгуулах, тэднийг мэдлэг, мэдээллээр хангах нь чухал байна.


-Танай нийгэмлэг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төрд ямар санал, зөвлөмжтэйгээр ажиллаж байна вэ?

-Манай нийгэмлэг мэргэжилтнийхээ эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Төрийн бодлого, шийдвэрт тусгах асуудал, санал дэвшүүлдэг. Өмнө нь хүмүүс яаралтай тусламжийн талаар огт мэддэггүй байсан бол одоо өөр болж байна. 1979 онд дэлхийд Яаралтай тусламжийн тасаг байгуулсан. 1984 онд Яаралтай тусламжийн тасгийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэж эхэлсэн бол Монголд 2012 онд Улсын төв нэгдүгээр эмнэлэгт Яаралтай тусламжийн тасаг байгуулсан. 2014 оноос бид нийгэмлэгээ байгуулсан, мэргэжлийн эмч нарыг ч бэлдэж эхэлсэн. Энэ хугацаанд Монголд 100 гаруй эмч бэлтгэгдэж гарсан байна. Яаралтай тусламжийн эмчээр сураарай гэж эмч нарт ч санал болгож байна. Төрөөс ийм эмч нарыг бэлтгэхэд бодлогоор дэмжих хэрэгтэй санагддаг.


-Олон улсад яаралтай тусламжийн үйлчилгээ ямар тохиолдолд төлбөртэй бас төлбөргүй байдаг вэ?

-БНСУ-д цочмог өвчлөлийн үед үзүүлэх эрүүл мэндийн даатгалын хамтын төлбөрийн үйлчилгээ гэж байдаг. Гэнэт зүрх зогссон, ухаан алдсан гээд цочмог өвчлөлийн үед яаралтай тусламжийн үйлчилгээ нь төлбөргүй байдаг бол өөр өвчлөлийн үед дуудсан бол асар их төлбөр нэхдэг. Харин Монголд зарим иргэн тариа, дусал залгуулахын тулд Яаралтай тусламж дуудах жишээтэй. Ингэж үнэгүйдүүлж болохгүй л дээ. Тэгэхээр бид яаралтай тусламжийн үйлчилгээг улам боловсронгуй болгож нэгдсэн тогтолцоог сайн бүрдүүлэх хэрэгтэй юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Связанные новости