БУЛГАН: Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг малчдад тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-03-14 21:21:56

Булган, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хишиг-Өндөр сум цагаан зудтай өвөлжилт хүндэрсэн бөгөөд одоогоор 16000 гаруй мал хорогдсон, цаашид ч хорогдол нэмэгдэх төлөвтэй энэ цаг үед Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал О.Батхандаар ахлуулсан ажлын хэсэг малчидтай уулзаж, ногоон тэжээл, шатахууны тусламж үзүүллээ.




Мөн Булган аймгийн Баяннуур Дашинчилэн Гурванбулаг, Могод зэрэг хаваржилт хүндэрсэн сумдад тус нийгэмлэгээс сум бүрд 276 боодол ногоон тэжээл, шатахууны талон олгосон байна. 


Хишиг-Өндөр сумын Засаг дарга Н.Мөнхгэрэл, Манай сум зудын эрсдэлтэй, малчид маань өвөл, хаврыг хүндхэн давж байна. Урд хоёр баг ер нь маш хүнд байгаа. Энэ өвөл 28 удаагийн цас орсноос хүндрэл үүсэж хоёрдугаар сарын 10-наас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Аймаг, сумын онцгой комисс анхааралдаа авч, дэмжлэг туслалцаа байнга үзүүлж байна. Нутгийн гаралтай иргэд хандив туслалцаа өгч дор бүрнээ л хичээж байна.

Өнөөдөр Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн тусламж болох 276 боодол ногоон тэжээл, шатахууны талон олголоо.



    

Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал О.Батханд, "Өнөөдөр аавын минь гэрэлт хөшөө сүндэрлэх энэ талбай дээр малчин та бүхэнтэйгээ хаваржилт хүндэрсэн бэрх цагт уулзаж байна. Аав минь амьд ахуйдаа “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” гэж хэлж байсан.

Үнэхээр малчин түмэн та наргүй Монголыг төсөөлөхийн аргагүй юм. Монголчууд бид үеийн үед, ямар ч үед, дайны цаг үед ч өлсөж байгаагүй гэдэс цатгалан, мөр бүтэн явсан сайхан ард түмэн. Энэ нь буянт малын минь үр шим, үүнийг өсгөж үржүүлж яваа малчин түмний минь ач гавьяа юм.     

Иймд малчин түмэндээ зайлшгүй туслах санааг миний аав 1992 онд үндсэн хуульд “Мал сүрэг бол төрийн хамгаалалтад байна” гэж оруулж, малын хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлсэн байдаг. Үүнийг би ярьснаараа биш түүх гэрчилнэ. Тийм учраас Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг өнөөдөр ч миний нэр дээр байдаг, мөн Зундуйн Дорж сангийнхаа журмаар өдөр бүр малчдадаа хүрч чадахгүй ч зудтай үед нь бага ч болов тусалъя гээд ирлээ" хэмээв.

 

           

Хишиг-Өндөр сумын Ардчилсан намын дарга Т.Бурмаа, Манайх 5 багтай, ерөнхийдөө малчид маань бэрх өвөл, хаврыг давж байна. Зудын эрсдэлд буй Банзар багт одоогоор 12000 мал хорогдоод байна.  Сумын хэмжээнд 16000 гаруй мал хорогдсон.   

Сумын онцгой байдлын газраас нэн хүнд нөхцөлд байгаа 45 өрхийн нэрс гаргаж, энэ ажлыг зохион байгуулсан Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн О.Батханд нартаа маш их баярлалааЗөвхөн Хишиг-Өндөр төдийгүй Булган аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ч мөн адил тусалж буйд  баярлаж байна. Малчид ч сэтгэл их сайхан байгаа.


Малчдын төлөөлөл, Би нэгдүгээр бригадын малчин. 40 л шатахууны талон, 5 боодол өвс авлаа. Тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас тэнхээ муутай явахад тэвнээр тусал гэдэг болж байна. Энэ чинь бидэнд  нэн тэргүүний хэрэгтэй зүйл болоод байна. Үлдсэн хэдэн малынхаа амыг хөдөлгөнө гээд баярлаад л сууж байна. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэгийн О.Батхандаар ахлуулсан баг, сум, захиргааны удирдлагууддаа маш их баярлалаа.


 

Связанные новости