Nvidia-д 1000 долларын хөрөнгө оруулсан бол өнөөдөр Та хэр баяжих байсан бол?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-01 17:19:09

ВАШИНГТОН, 2024 оны гуравдугаар сарын 1 /CNBC/. Хиймэл оюун ухаанд зориулсан чип үйлдвэрлэлээр дагнадаг Nvidia компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын орлого, борлуулалтын хэмжээ шинжээчдийн таамаглалаас хол давжээ. Тус компанийн нийт орлого өмнөх жилийнхээс 265 хувиар өссөн байна.


Nvidia нь OpenAI компанийн ChatGPT, Microsoft-ын Copilot зэрэг хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг ажиллуулдаг хүчирхэг компьютерын чипийг үйлдвэрлэдэг. Чипний эрэлт огцом нэмэгдсэнээр тус компанийн зах зээлийн үнэлгээ нь их наяд ам.долларын босго давсан компаниудын тоонд багтжээ.


Хоёрдугаар сарын 21-ний байдлаар тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.667 их наяд долларт хүрснээр Microsoft /2.988 их наяд/, Apple /2.819 их наяд/,  Alphabet /1.779 их наяд/ компаниудын ард бичигдэж байна. Nvidia-гийн хувьцааны ханш энэ оны эхэн үеэс 40 орчим хувиар өссөн ба сүүлийн 12 сарын хугацаанд 225 хувийн өсөлттэй байлаа.


Хэрэв Та Nvidia компанид 1, 5, 10 жилийн өмнө 1000 долларын хөрөнгө оруулсан бол өнөөдөр ямар хэмжээний ашиг хүртэх вэ гэдгийг харуулъя. Хоёрдугаар сарын 20-ны арилжаа хаагдах үед тус компанийн хувьцааны ханш 694.52 доллар байсан бөгөөд үүнд тулгуурлан дорх тооцооллыг хийжээ.


  • Хэрвээ та жилийн өмнө Nvidia-д 1000 долларын хөрөнгө оруулсан бол таны мөнгө 225 хувиар өсөж, хоёрдугаар сарын 20-ны байдлаар 3248 долларт хүрэх байжээ.
  • Хэрвээ та 5 жилийн өмнө Nvidia-д 1000 доллар оруулсан бол таны мөнгө 1015 хувиар үржиж, 17 542 доллар болох байлаа.
  • Хэрвээ та 10 жилийн өмнө Nvidia-д 1000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бол таны мөнгө 22 340 хувиар өсөж, 148 226 долларт хүрэх байжээ.
  • Хэрэв та 1999 оны нэгдүгээр сарын 22-нд буюу Nvidia олон нийтэд хувьцаагаа анх санал болгох үед 1000 доллароор хувьцаа худалдаад авчихсан бол таны мөнгө 277 708 хувиар өсөж, 2 784 065 доллар болох байжээ.

 


Связанные новости