ГОВЬ-АЛТАЙ: Малчдад туслах хандивын аянд нэгдэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-28 14:19:01

Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цаг агаар эрс хүйтэрч, цас их орж Говь-Алтай аймгийн дийлэнх сумдаар өвөлжилт хүндэрч, цагаан зудын нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Онцгой комисстой хамтран "Малчдад туслах халуун сэтгэлийн аян"-ыг өрнүүлж эхэллээ.


Аймаг, орон нутгийнхаа эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүссэн эрсдэл, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, нүүдэлчин өв соёлоо тээн хадгалж яваа нутгийнхаа малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Онцгой комисстой хамтран "Малчдад туслах халуун сэтгэлийн аян"-ыг санаачлан өрнүүлж, иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас уриаллаа.



Аяны хүрээнд цугларсан бэлэн мөнгө, дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс тэжээл, нэмнээ элгэвч, малын хашаа хороог дулаалах материал гэх мэт ирсэн хандивыг цаг тухайд нь олон нийтэд нээлттэй ил тод танилцуулан, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн малгүй болсон болон нэн хүнд нөхцөлд байгаа малчдад хамтын шийдвэрээр хүргэх аж. 


Связанные новости