Азын дугаарыг дуудлагаар худалдаж, Хүүхдийн төлөө санд 12.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-02-15 14:11:56

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс автомашины азын гэх тодотголтой улсын дугаарыг цахим дуудлага худалдаанд оруулах зөвлөмж өгч шийдвэрлүүлэн одоогоор 12.7 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, Хүүхдийн төлөө санд төвлөрүүлсэн байна.


Тодруулбал, 2021 онд 1998 ширхэг дугаарыг нийт 3.630.800 төгрөгөөр, 2022 онд 2172 ширхэг улсын дугаарыг 4.728.000 төгрөгөөр, 2023 онд 7796 ширхэг улсын дугаарыг 4.376.000 төгрөгөөр тус тус худалдаж, сүүлийн 3 жилийн байдлаар нийт 11966 ширхэг улсын дугаараас 12.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн аж.


Азын гэх 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашигласан үйлдлийг шалган шийдвэрлэж байв.

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд 2020 онд Зам тээврийн яаманд хоёр удаагийн зөвлөмж өгч, авлигын нөхцөл бүрдүүлсэн журмыг шинэчлэн батлуулсан нь автомашины азын гэх дугаарыг дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан олгох боломжийг бүрдүүлсэн юм.  


Ингэснээр Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар баталсан Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журмын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдааг зохион байгуулдаг болсон. Зардлын хяналтыг эрх бүхий байгууллага хянаж, хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зориулахаар журамд тусгажээ.

Связанные новости