Зэлтэрийн заставын хэсгээр шонхор шувуу хил давуулах магадлал өндөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-31 22:32:36

Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0243-р анги нь Хилийн хэсгийн нийт 421 км урт хэсгийг хариуцан хамгаалдаг ажээ.  Тус ангийн хилчид 2015 онд ОХУ-ын талаас 2 удаагийн 3 хүн, хар тамхи буюу мансуруулах бодист донтсон, согтуугаар улсын хил зөрчсөн дотоодоос 8 удаагийн 31 хүн улсын хил зөрчсөн, мөн 14 удаагийн 297 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасан, 6 удаагийн 617 тооны мал улсын хил давсан буюу хилд тулсан зөрчлийг илрүүлэн шийдвэрлэсэн байна.

Гарсан зөрчлийг урд жилтэй харьцуулахад хилийн зөрчил 40 хувиар, хил орчмын дэглэмийн зөрчил 18.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Энэ нь хил хамгаалалтын үр дүн гэж харагдах боловч нөгөө талаас Сэлэнгэ аймгийн гадаад дотоод нөхцөл байдал тийм сайнгүй, зөрчил нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна гэж Сүхбаатар хотноо болсон Хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөлгөөнд оролцогчид үзэж байна.

Тус ангийн захирагч хурандаа Д.Дамдинсүрэн:”Бидний анхаарал татаж байгаа нэг асуудал бол бидний хариуцсан хэсэг дээр ой, хээрийн түймэр гарах эрсдэл их байгаа явдал. Өнгөрсөн жил ОХУ-д маш их түймэр гарсан.  Бүхэл бүтэн тосгон шатсан. Зөвхөн ОХУ-ын талд хилийн ойролцоо 15 удаагийн гал түймэр гарч, хилийн зурваст 10 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас 2 удаагийн хил дамнасан түймэр манайд орж ирсэн. Үүнийг бид хилийн бүсийн сумын иргэдтэй хамтарч унтраасан. Бас нэг анхаарах асуудал бол улсын хилийн дэглэм буюу хилийн зурваст явуулах үйл ажиллагаа байдаг. Өнгөрсөн жил ойжуулалт нөхөн сэргээлт, судалгаа шинжилгээ хийх, ашигт малтмал олборлох, хайгуул явуулах, амралтын газар, газар тариалангийн үйл ажиллагаа явуулах гэх мэт чиглэлээр 282 удаагийн 1128 иргэн, 25 аж ахуйн нэгж хилийн бүс зурваст орж үйл ажиллагаа явуулсан. Хүдэр сумын нутаг дэвсгэр бол энэ чиглэлд анхаарал татаж байгаа газар. Өөрөөр хэлбэл энд бидний хэлж заншсан нинжа нар 2015 онд хууль бус алт олборлолтыг явуулсан. 2014 онд самрын асуудал байсан. Бидний зүгээс аймгийн цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарч хилийн зурвасаас гаргах гэсэн боловч хүлээсэн үр дүнд хүрсэнгүй. 2015 онд 87 хүнд Монгол Улсын захиргааны хуулийн дагуу торгууль, шийтгэвэр оногдуулж арга хэмжээ авсан. Бидний хариуцсан хэсгээр гадаадаас хар тамхи, мансууруулах бодис оруулах асуудал анхаарал татаж байна. Мөн дотоодод  гарч байгаа шинэ хэлбэрийн зөрчил болох шонхор шувууг хил давуулан наймаалцах асуудал Зэлтэрийн заставын хариуцсан хэсгээр гарах магадлал маш өндөр байгаа. Энэ чиглэлээр манай хилийн тагнуул, аймгийн тагнуул, цагдаагийн байгууллагууд ажиллаад 40 гаруй шонхор шувууг Хөвсгөл аймгийн Ханхын боомтоор гаргах үед нь саатуулсан. Хил дамнасан хууль бус наймаа хар тамхи, хар тамхины төрлийн ургамал, эм бэлдмэл, галт зэвсэг гэх мэт зөрчлүүд гарах мэдээллүүд авагдсан. Мөн гал түймрийн асуудал онцгой анхаарлын төвд байна” хэмээн мэдээллээ. 2015 онд тус ангийн Хутаг-Өндөрийн заставын хариуцсан хэсэг дээр монгол инженерүүдийн хийсэн дохиолол хяналтын системийг суурилуулсан байна. Энэ жил ШУТИС, монгол инженерүүдтэй хамтраад программ хангамжийг шинээр бий болгох ажлыг хийжээ. Мөн хилд тулж нутагласан ард иргэд зөрчил их гаргадаг аж. Иймээс хил хамгаалах туслах хүчний гишүүдийг шүүлтүүрт оруулж сонгодог болохыг тус ангийн хурандаа онцолсон. 

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

 

Связанные новости