Хориглосон, хязгаарласан зүйл оруулж ирэх арга нарийссан гэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-31 22:27:35

Монгол Улсын хойд хил Алтанбулаг-Хиагтын автозамын Олон улсын боомт 24 цагаар ажиллаж эхэлсэнээс хойш жил гаруй хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд Монгол Улсын хилээр 74 орны 561 мянга гаруй зорчигч,  47 орны 151 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Эдгээрийн 80 хувь Монгол Улсын, 10 хувь нь ОХУ-ын, үлдсэн 10 хувь нь бусад орны иргэд зорчжээ.

Боомт газраар бусдын бичиг баримт ашиглан улсын хил зөрчсөн 7 удаагийн 7 иргэн, дотоодоос 6 иргэн, улсын хилийг зөрчсөн, хориглосон болон хязгаарлсан эд зүйлсийг нэвтрүүлсэн 3 удаагийн 3 иргэн, хилийн боомтын журам зөрчсөн 21 удаагийн 21 иргэнийг илрүүлэн саатуулж, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгч, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн байна. Албаны үзүүлэлтээр өнгөрсөн онтой харьцуулахад хилийн зөрчил боомт газраа 56.2 хувь, боомтын журам зөрчсөн үйлдвэл 71 хувиар тус тус өссөн аж. Энэ нь илрүүлэлт сайжирсантай холбоотой байж болох ч нөгөө талаас гарч байгаа зөрчлийн тоо нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг өгч байгаа ажээ.

Харин улсын хилээр оруулахыг хориглосон, хязгаарласан эд зүйлс оруулах явдал 25 хувиар буурчээ. Үүнийг Хил хамгаалах байгууллага, хилчид улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч тээврийн хэрэгсэлд шалгалт хийхээ больсонтой холбон үзэж байгаа юм. Гэвч улсын хилээр оруулж ирж байгаа хориглосон, хязгаарласан зүйлийн тоо, хэлбэр нэмэгдсэн, оруулж ирэх арга нарийссан, зохион байгуулалттай гэмт хэргийн шинж чанарыг агуулж буй нь амьдрал дээр харагдаж байгааг саяхан Сүхбаатар хотноо болсон Хил хамгаалах туслах хүчний нэгдсэн зөвлөгөөний үеэр мэдээллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Связанные новости