Хичээнгүй сайдын үнэт чулуун хөөрөг, 1880 онд урласан даалингаар нүд баясгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-01-30 11:47:35

Монголчуудын уламжлалт цагаан сарын баярт зориулан Монголын Үндэсний музейгээс өөрийн цуглуулгадаа хадгалж буй 80 гаруй хөөрөг, уран хийц бүхий даалинг ирэх сарын 3-нд дэлгэн олны хүртээл болгоно.

Үзэсгэлэнд монгол орны үнэт чулуу болох мана, гартаам цахиур чүнчигноров болон тана, шүр, ундрам, хув, шил, шаазан, зааны соёо, модны үндэс зэрэг үнэт чулуу, ховор түүхий эдээр хийж, алт мөнгө, зэс, гууль, зэрэг үнэт төмөрлөгийн урлалыг шингээсэн хөөргүүдийг дэлгэх юм.

Мөн Монголын түүхэнд нэр нь мөнхөрсөн төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, алдартай хүмүүсийн хэрэглэж байсан хөөрөг ч байна. Тухайлбал, Манж чин гүрэн, Автономит Монгол улс, Ардын засгийн буюу 3 төрийн нүүр үзэж 43 жил төрийн албанд зүтгэсэн хашир туршлагатай төрийн хар хүн Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн их гарын улаан шүрэн толгойтой гартаам судалтай алаг манан хөөрөг, Судар бичгийн хүрээлэнг /Шинжлэх ухааны академи/ үндэслэгчдийн нэг, нэрт эрдэмтэн, улс төрч, Цэвээн Жамсрановын мөнгөн хөөрөг, Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны алдарт Өндөр Гонгороос эхлэн Халхын олон хүчит бөхчүүдийн гар дамжсан чүнчигноров толгойтой, цэхэр манан хөөрөг зэрэг багтаж байна.

Хэмжээ жингийн хувьд хамгийн том нь 575 гр жин, 14,7 см өндөр, 10,8 см өргөнтэй манан хөөрөг бөгөөд хамгийн бага нь энхрий хүүхдийн 15 гр жин, 3,5 см өндөр, 2,4 см өргөнтэй хөөрөг байгаа аж.

Өвөрхангай Хайрхандулаан сумын Гарьдын хадаар нутагтай ард Шаравцоодолын гэргий Бүжмаагийн 1880-аад онд урласан зүү ороож, буга, согоо дүрслэн бүтээсэн торгон даалин зэрэг бүтээгч болон хэрэглэж байсан эзэнтэй даалинг үзэсгэлэнд тавих юм.

Ж.Болор

 

 

 

Связанные новости