Сайн малчдын шагналыг орон нутгийн үйлдвэрлэгч урлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-29 17:41:09

Мичин жилийн сар шинийн босгон дээр Дундговь аймаг 31 сайн малчин тодруулсан. Энэ удаа сайн малчиддаа бэлдсэн аймгийн Засаг даргын шагнал онцлог байлаа.

Тодруулбал, дөрвөн хүчитний нэг арслангийн  дүрийг зэсээр товойлгосон сэнжний суурьтай, нүүрэн талдаа Дундговь аймгийн лого бүхий мөнгөн товхтой саалийн  хувин, Хүнсний манлай үйлдвэр “Мандалговь Хүнс” ХХК- д үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний цуглуулга сайн малчны шагнал болж очсон юм.

Сайн малчны хойморт залрах энэхүү саалийн хувинг Сайнцагаан сумын 7- р багийн иргэн н.Бат- Эрдэнэ урласан байна. Саалийн хувингийн зах зээлд борлуулах үнэ нь хагас сая төгрөг боловч иргэн н.Бат- Эрдэнэ нэг хувинг 370 мянган төгрөгт багтаан урлаж өгчээ.

Сайн малчдын шагналд аймгийн Засаг дарга нөөц хөрөнгөөсөө зарцуулсан 12 сая 400 мянган төгрөгийг орон нутгийнхаа үйлдвэрлэгчдэд ийнхүү шингээсэн нь баялаг бүтээгчдээ дэмжсэн үйл ажиллагаа болжээ.

Т. Отгонтуяа

Связанные новости